ЗУЦ-ийн түүхт 35 жилийн ойн хүрээнд, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ жил 12 дугаар ангиа төгсөн, амьдралын их замд хөл тавьж буй 14 ажилтны хүүхдэд амжилт хүсэж, урам өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааг цехийн удирдлага, Эцэг эхийн зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран зохион байгуулж, хүүхэд бүрд сурлага, хөдөлмөрийг нь үнэлэн, хамт олныхоо өмнөөс халуун баяр хүргэж, ирээдүйн их үйлсэд нь амжилт хүслээ.
Энэ үеэр аав, ээжүүдийнх нь үр хүүхдэдээ зориулан бичсэн чин сэтгэлийн захидлыг гардуулж, хүүхэд насны нандин дурсамжаа хадгалан, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн, хүссэн мэргэжлээ эзэмшиж, зөв төлөвшилтэй, эерэг хандлагатай иргэн болон өсөж хөгжихийн ерөөлийг өргөн дэвшүүлэв.
ЗУЦ-ийн дарга Х.Баяраа хүүхдүүдэд хандан хэлсэн үгэндээ: “Та нарын аав, ээжүүд бол Баатар үйлдвэрийн бахархалт ажилтнууд. Аав, ээжээрээ үргэлж бахархаж яваарай. Амьдрал гэдэг тэр чигээрээ уудам их далай юм шүү. Та нар тэр их далайн зөвхөн захад нь ирээд байна. Цаашид энэ далайг хэрхэн туулах нь та бүхний зорилго, зориг, тууштай хичээл зүтгэлээс шалтгаална. Зорилгодоо хүрч, аав ээжийгээ баярлуулан, эх орныхоо хөгжил бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах их үйлсэд нь өндөр амжилт хүсье” хэмээн захилаа.
Мөн энэ өдөр хүүхдүүд аав, ээждээ зориулан талархлын үг хэлж, “Хайртай шүү” хэмээн сэтгэлийн гүнээс илэрхийлж байсан нь тус үйл ажиллагааны хамгийн уярам, дурсамжтай агшнуудын нэг байв.
Ийнхүү, ЗУЦ-ийн хамт олон, ирээдүйн эзэд болсон хүүхэд багачууддаа итгэл найдвар, урам зориг хайрласан халуун дулаан, дурсамж дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.
















