Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, теникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдлаа.
Үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй, хэвийн ажилласан байна. Ажилтны хувийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцас хуваарийн дагуу олгож, аюулгүй байдал эрүүл ахуйн хяналт шалгалтыг Засвар механикийн заводад үргэлжилж байна. Төлөвлөгөөт сургалтууд явагдаж, “Эрдэнэт цогцолбор” Их сургууль дээр 141, ажлын байранд 226, гадны байгууллагын 2 ажилтан хамрагджээ. Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтэс, байгаль орчны салбар байгууллагуудын нэгдсэн өдөрлөгт оролцож, Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчны чиглэлээр хийж буй ажлууд тухайлбал, цагаан тоосны дэгдэлт дарах, иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байдал, нөхөн сэргээлтийн ажлын талаар мэдээлэл өгсөн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод тарих” үндэсний хөтөлбөрийн хаврын мод тарилтад үйлдвэрийн ажилтнууд идэвх санаачилгатай оролцож, өнгөрсөн амралтын өдрүүдэд 5000 гаруй мод тарилаа. Орхон аймгийн Байгаль орчны газраас хийгддэг ээлжит шалгалт энэ сарын 20-27-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Ус хангамжийн цех, Засвар механикийн завод, Спорт цогцолбор, Чанарын хяналтын хэлтэс, Аж ахуй, үйлчилгээний цехүүдэд явагдана. Эдгээр бүтцийн нэгжүүд, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй хамтран ажиллахыг тус хэлтсийн дарга Ж.Жавхланбат мэдээллээ.
Энэ сарын эхний 17 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт биелж байна. Уулын цул гаргалт 1702.7 мянган метр куб буюу 105.4 хувь, хөрс хуулалт 776.1 мянган метр куб буюу 101.2 хувийн гүйцэтгэлтэй биелсэн бол Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөлтийн төлөвлөгөө 104.9 хувиар биелжээ. Сар эхэлсээр 2050.7 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 104.6 хувь, хүдэр дэх металлын агуулга зэсийн төлөвлөгөөг 106 хувь, молибдений төлөвлөгөөг 128 хувиар тус тус биелүүлж, 30490 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөг 114.2 хувиар биелүүлэн ажиллаж байна.
Ил уурхайд LIEBHERR маркийн экскаватор угсарч, ажилд оруулахад бэлэн боллоо. Ингэснээр Ил уурхайд найм дахь LIEBHERR-ийн экскаватор ажилд гарч, бүтээмж, аюулгүй ажиллагаанд дэвшилтэт техникээр хүч нэмэх боломж бүрдэж буйг цехийн удирдлага онцлов. Энэ сарын эхнээс Авто тээврийн цехийн үйлдвэрлэл, тээвэрлэлтийн төлөвлөгөө биелж, хавар зуны бэлтгэл ажлаа 64 хувиар хангаад байна. Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсний дагуу үргэлжилж, цутгуурын барилгын ажил 42 хувь, өндөр даралтын болон нунтаглагчийн барилга 18-20 хувийн гүйцэтгэлтэй байна. Өргөтгөл шинэчлэлийн төсөл эрчимтэй хэрэгжиж, ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж буйгаа Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон танилцуулав. Засвар механикийн завод өнөөдрийн байдлаар хавар, зуны улиралд 79 хувийн гүйцэтгэлтэй бэлтгэл хангаж, хөрөнгө оруулалтын ажлуудаа тасралтгүй үргэлжлүүлж байна.
Нөөцгүй тоног төхөөрөмжүүддээ иж бүрэн засвар үйлчилгээ хийж, аюулгүй байдлыг хангах зорилгоор жилд нэг удаа үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулдаг “Их зогсолт”-ын энэ жилийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа тухай Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг мэдээлэл өгөв. Энэ удаа засвар үйлчилгээний 555 ажил төлөвлөж, үүнд нэн шаардлагатай сэлбэг хэрэгслийн жагсаалтыг гаргаж, бэлэн болгохоор ажиллаж байна. Бэлтгэл хангах хүрээнд тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шуурхай шийдэж байгаа бөгөөд сэлбэг хэрэгсэл болон бусад шаардагдах бараа материалыг цаг хугацаанд нь багтааж нийлүүлэх зэрэгт анхаарч ажиллах хүсэлтийг холбогдох газар хэлтэст тавилаа. Бусад ажлууд 100 хувиар хангагдаж, энэ сарын 28-наас “Их зогсолт”-д бэлдэх ажлын хэсэг танхимаар хуралдаж, бүтцийн цех нэгжүүдэд бэлтгэл ажлын хуваарилалт болон явцыг танилцуулах ажээ.
Эрдэнэт үйлдвэрийн харьяа нийгмийн цехүүдээс хөрөнгө оруулалтын асуудлаар үйлдвэрийн удирдлагад албан бичиг өгсөн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий захирал Г.Ёндон, холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлж, чухал шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шуурхай шийдэж, ажиллахыг үүрэг чиглэл болголоо.















