“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санаачилгаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл хамтран эдийн засаг, уул уурхайн салбарын сэтгүүлчдэд зориулсан Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд сэтгүүлчид Орхон аймгийн бүтээн байгуулалт, дэд бүтэц, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэл, техник технологийн шинэчлэл, томоохон төсөл хөтөлбөрүүдийн явцтай газар дээр нь танилцсан юм. Оролцогчид Баяжуулах үйлдвэрийн Хүдэр бэлтгэлийн 1 дүгээр шугамын өргөтгөлийн төсөл, хиймэл оюун ухаанд суурилсан худалдан авах ажиллагааны “Tender Eval” систем, хүний нөөцийн ERP системийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцыг үзэж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон үйлдвэрүүдийн талаар мэдээлэл сонсов. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрийн урт хугацааны хөгжлийн бодлого, үйлдвэрлэлийн үр ашиг, технологийн шинэчлэл, геологийн нөөц, үйлдвэрийн насжилтыг уртасгах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр, “Монгол Улсад орчин цагийн уул уурхай үүсэж хөгжөөд 100 гаруй жил болсон ч бид өнөөдрийг хүртэл зэсийн баяжмалаа хагас боловсруулсан байдлаар экспортолж ирсэн. Одоо экспортолж буй баяжмалын ердөө 22.5 хувь нь цэвэр зэсийн агуулга бөгөөд үлдсэн хэсэг нь дагалдах тээвэр болж байна. Иймээс баяжмалаа эх орондоо боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох нь Монгол Улсын эдийн засагт өндөр үр ашиг авчирна” хэмээн онцолсон юм.
Түүнчлэн, Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг 1980-аад оноос судалж эхэлсэн бөгөөд олон жилийн судалгаа, инженерийн тооцооллын үр дүнд Эрдэнэт хотод түшиглэн байгуулах боломж бүрдсэнийг тодотгов. Тэрээр, “Өнөөдөр энэ төслийг хэрэгжүүлэх цаг үеийн нөхцөл бүрдсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан, төр засгийн дэмжлэгтэй энэ үед бид боломжоо алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.
Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд зэс хайлуулах үйлдвэр, молибдены баяжмалыг гүйцээн боловсруулах үйлдвэр, хаягдал өтгөрүүлэх технологид суурилсан шинэ хаягдлын аж ахуй гэсэн гурван томоохон үйлдвэрлэлийг байгуулахаар төлөвлөж буй. Эдгээр төслийн техник, технологийн судалгаа, инженерингийн ажлууд үндсэндээ дууссан бөгөөд 2026-2030 онд барьж байгуулан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2026 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт тавин ажиллаж буйг онцоллоо. Үүнтэй холбоотойгоор хүдрийн хатуулагтай тэмцэх зорилгоор өндөр даралтын булт нунтаглагчийн технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь үйлдвэрийн үр ашиг, тогтвортой ажиллагааг урт хугацаанд хангах стратегийн чухал шийдэл болохыг хэлэв.
Ерөнхий инженер Т.Батмөнх, “Энэ технологийг нэвтрүүлснээр Эрдэнэт үйлдвэрийн уурхайн ашиглалтын хугацааг 2082 он хүртэл тооцоолон баталгаажуулсан. Технологи, аюулгүй ажиллагаа, эдийн засгийн үр ашгийн хувьд дэлхийн түвшинд хүрэх боломж бүрдэж байна” хэмээн онцолсон юм.
Энэхүү арга хэмжээ нь хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын бодит нөхцөл байдал, дэвшилтэт технологи, үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг газар дээрээс нь сурвалжлах боломж олгосноороо онцлог байлаа.















