Эрдэнэт үйлдвэр орчны бохирдлыг бууруулах, голын ай савыг хамгаалах зорилтын хүрээнд нийгмийн хариуцлагын ажлаа үргэлжлүүлэн Хангал гол орчимд цэвэрлэгээ зохион байгууллаа.
Үйлдвэрийн газрын 2026 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон Орхон аймгийн Байгаль орчны газрын дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 108 дугаар албан бичгийг үндэслэн, 2026 оны тавдугаар сарын 08-ны өдөр Хангал голын дагуух их цэвэрлэгээг өрнүүлсэн. Тус цэвэрлэгээнд үйлдвэрийн газрын 26 бүтцийн нэгжийн 289 ажилтан, 9 тээврийн хэрэгсэлтэйгээр оролцож, үйлдвэрийн гүүрнээс эхлэн голын голдирол дагуу нийт 12.24 км урт, 176.87 га талбайг хамруулан хог хаягдлыг цэвэрлэлээ.
Үүний үр дүнд 21 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт ачиж буулгасан байна. Ийнхүү Эрдэнэт үйлдвэр байгаль орчныг хамгаалах, усны нөөцийн бохирдлыг бууруулах чиглэлээр бодитой ажил хэрэгжүүлж, хамт олны оролцоонд түшиглэсэн эко орчны соёлыг түгээн ажиллаж байна.


















