“Be engineer: Маргаашийг бүтээх мэргэжил” хөтөлбөрийн мэргэжил танилцуулах өдөрлөг “Эрдэнэт цогцолбор” Их сургуульд болж, тус сургуулийн дэргэдэх Коосэн коллежийн оюутан суралцагчид оролцлоо. Тус хөтөлбөрийг “Эрдэнэс ҮТП” ХХК, “Эрдэнэт цогцолбор” Их сургууль, “Хойд бүсийн хөгжлийн төв” ТББ хамтран хэрэгжүүлж байна. Өдөрлөгийн нээлтэнд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга, Хойд бүсийн хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Б.Мягмаржаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрчим хүчний хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболд, “Эрдэнэт цогцолбор” Их сургуулийн захирал Д.Заяабаатар, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн ажлын албаны дарга Д.Нямдаваа болон МУИС, ШУТИС, “Шинэ Монгол” Технологийн Их сургууль, ЭЦИС-ийн багш нар оролцож, инженер мэргэжил сонголт болон шинэ технологи, техникийн дэвшил зэрэг олон сэдвээр илтгэл тавилаа.
Хойд бүсийн хөгжлийн төвөөс гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй “Be engineer” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс, санаачлагын талаар Гүйцэтгэх захирал Б.Мягмаржаргал “ ЕБС-ийн сурагчдын мэргэжил сонголтын байдлыг аваад үзэхэд, дунд сургууль төгсөгчдийн 8 орчим хувь нь инженер суурьтай мэргэжлийг сонгож байна. Энэхүү 8 хувийн 3 хувь нь л уул уурхайн мэргэжлийн сонголт байдаг. Гэтэл манай улсын нийт эдийн засгийн бүтцийн 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрддэг. Өөрөөр хэлбэл, хэдийнэ уул уурхайн орон болсон гэсэн үг. Харин уул уурхай голлосон улс орон инженерүүд цөөрөөд байвал аж үйлдвэржилт рүү шилжихэд хүний нөөцийн дутагдалд орох нөхцөл бүрдэнэ. Тиймээс Хойд бүсийн хөгжлийн төв, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн ЗДТГ болон Хойд бүсийн салбар зөвлөлүүд, МУИС, ШУТИС, “Шинэ Монгол” Технологийн Их сургууль, Герман Монголын Их сургууль зэрэг олон талууд хамтран “Хамтдаа инженер болцгооё”, “Инженер мэргэжлийг сонирхоцгооё” уриалгыг дэвшүүлж байна. Бид энэ хавар дунд сургуулиа төгсөж буй сурагчид болон тэдний аав, ээжүүдтэй уулзалт хийж, мэргэжил сонголтын тест явуулж байна. Дээрх хамтран ажиллаж байгаа их, дээд сургуулийн багш нар эцэг эхчүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн хөтөлбөрийн үйл ажиллагаа өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү өргөн хүрээг хамарч буйгаараа онцлогтой. Хойд бүсэд уул уурхайн үндэсний тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаа явуулж буйтай холбогдуулан “Инженер болцгооё” уриалгаа эхлүүлж байна. Цаашид орон даяар өрнүүлэхээр зорьж байна” гэж онцолсон.
Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, инженер мэргэжлийн ач холбогдол, ирээдүйн үнэ цэнийг ойлгуулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургалтын тэтгэлэг болон их, дээд сургуулиудын давуу тал, боломжийн талаар мэдээлэл өгөх зорилготой “Be engineer: Маргаашийг бүтээх мэргэжил” хөтөлбөрийн мэргэжил танилцуулах өдөрлөг энэ сарын 12,13-ны өдрүүдэд Булган, Хөвсгөл аймагт үргэлжилнэ.















