Орхон аймагт “Боловсрол экспо-2026” арга хэмжээ зохион байгуулагдаж, энэ хичээлийн жилд 12 дугаар анги төгсөж буй ахлах ангийн суралцагчид болон их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй залууст зориулсан мэдээлэл, зөвлөгөө хүргэлээ.Энэхүү үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн болон нийслэлийн их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөр, элсэлтийн нөхцөл, давуу талаа танилцуулж, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгсөн юм. Үүнд Эрдэнэт цогцолбор их сургууль оролцож, сургуулийнхаа танилцуулга, сургалтын орчин, мэргэжлийн чиглэлүүд болон үйлдвэрлэлтэй уялдсан давуу талаа сурагчид, эцэг эхчүүдэд сурталчиллаа.
Мөн аймгийн Боловсролын газраас боловсролын үйлчилгээ, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээлэл хүргэж, Боловсролын зээлийн сангийн нөхцөл, боломжуудын талаар зөвлөгөө өгсөн байна. Түүнчлэн Насан туршийн боловсролын төвөөс иргэдэд насан туршийн боловсролын чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгчээ.
Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь 4-р дүгээр цэцэрлэг болон 20 дугаар сургуулийн багш, мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхэдтэй хэрхэн зөв харилцаж, анхаарч ажиллах талаар эцэг эхчүүдэд үнэтэй зөвлөгөө өгсөн явдал байлаа. Орхон аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэжаргал “Боловсрол экспо-2026” арга хэмжээ нь хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулагдаж байгааг онцолсон юм. Тэрээр, эхний шатанд Боловсролын зээлийн сангийн талаар танилцуулга хийж, төгсөгчид ямар нөхцөлөөр зээлд хамрагдах боломжтой талаар мэдээлэл өгсөн бол энэ удаад их, дээд сургуулиудын танилцуулгыг зохион байгуулж байгааг хэллээ.
Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх материал, бүртгэл, босго онооны шинэчлэл зэрэг мэдээллийг сурагчид, эцэг эхчүүдэд хүргэж байгаа бөгөөд хүүхдүүдийг өөрийн сонирхол, чадварт тохирсон мэргэжлээ зөв сонгоход чиглэсэн зөвлөгөө өгч буйг онцолсон юм.
“Боловсрол экспо-2026” арга хэмжээ сүүлийн таван жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд Орхон аймгийн Боловсролын газар Улаанбаатар хотын их, дээд сургуулийн консорциумтай хамтран оролцогч сургуулиудад мэдээлэл хүргэн ажиллалаа.















