Эрдэнэтчүүдийн авьяас билгийг нээн, хөгжүүлэх зорилгоор “Бүх хайраа гэр бүлдээ” уриан дор зохиогдсон “Erdenet Talent-2026” урлагийн их наадам хаалтын тоглолтоо зохион байгуулж, наадмын шилдгүүдээ тодрууллаа.
Дуу, бүжиг, хөгжим, уран уншлага зэрэг урлагийн бүхий л төрөлд шилдгүүд тодорсон тус наадамд 3-90 насны 800 гаруй авьяастан оролцож, 380 шагналт байрын төлөө өрсөлдсөн юм. Шилдгүүдийн шагналыг Орхон аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хэлтсийн дарга Д.Бэхбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолборын дарга Б.Баттулга болон наадмын шүүгчээр ажилласан ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчин, МУГЖ А.Бямбатөгс, МУГЖ Е.Баярмагнай, Монгол Улсын Консерваторын дуулаачийн дуулах ур зүйн багш, СТА Ц.Батцэнгэл, Уртын дуучин, урлаг судлалын доктор, СТА М.Дорждагва, ОХУ-ын Маринский театрын гоцлол дуучин, СТА Д.Дагвадорж, Үндэсний Урлагийн Их театрын гоцлол хөгжимчин, СТА Н.Шүрэнцэцэг нар гардуулан, баяр хүргэлээ.
“Erdenet Talent-2026” урлагийн их наадмын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн гоцлол хөгжмийн төрөлд Х.Мөнх-Эгшиглэн, насанд хүрэгчдийн Ардын богино дууны төрөлд Э.Алтантуяа, хамтлаг бүжиг төрөлд Оюу цэцэрлэгийн “Жавхаа” хамтлаг, цэцэрлэгийн насны гоцлол дууны төрөлд А.Содонтуяа, сургуулийн бага, дунд, ахлах насны гоцлол дууны төрөлд У.Үжингоо, М.Усны-Эх, Ц.Нямхүү, сургуулийн ахлах насны хамтлаг дуу төрөлд “Хөг анир” хамтлаг, сургуулийн дунд, ахлах насны гоцлол бүжиг төрөлд Э.Номинзаяа, З.Марал, гоцлол хөгжим төрөлд Б.Ану, Д.Бүрэнжаргал, дунд, ахлах ангийн уран уншлага төрөлд Х.Намуунаа, А.Ариун-Эрдэнэ, насанд хүрэгчдийн 20-50 насны гоцлол дуу төрөлд С.Одбаяр, ахмад насны гоцлол дуу төрөлд Б.Батжаргал, бий биелгээ төрөлд “Язгуур” хамтлаг, сургуулийн бага, дунд, ахлах ангийн хамтлаг бүжиг төрөлд “Уран хэмнэл-2” хамтлаг, “Угалзан ур” хамтлаг, “Сийлэн-1” хамтлаг, ахлах ангийн уртын дууны төрөлд Н.Наран-Эрдэнэ, ахмадын хамтлаг бүжгийн төрөлд “Дөл” хамтлаг, “Мөнхийн залуу нас” хамтлаг, гоцлол хөгжим төрөлд Р.Цэцэгээ, уртын дуу төрөлд Д.Долгорсүрэн нар урлагийн их наадмын тэргүүн байранд шалгарч, шилдэг авьяастнаар тодорлоо.
Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр Соёл урлагийн цогцолборын дарга Б.Баттулга, “Erdenet Talent-2026” урлагийн их наадмын тэргүүн байрын шагналтууд Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод оролцох болсныг онцолсон.
Мөн тус наадмын шүүгч, Монгол Улсын Консерваторын дуулаачийн дуулах ур зүйн багш, СТА Ц.Батцэнгэл, Уран эгшиг сургуулийн сурагч н.Мөнхдуурсах, Э.Сувд-Эрдэнэ, Л.Лувсандорж, Ц.Нямхүү нарт 2026-2027 оны хичээлийн жилээс Монгол Улсын Консерваторт элсэн суралцах урилга, сурагч Б.Элбэг, Н.Энхжин нарт “СИТИ” Их сургуульд суралцах эрхийн бичгийг тус тус гардуулсан юм.















