Эрдэнэт үйлдвэр, нийгмийн хариуцлага болон уурхайчдынхаа эрүүл мэндийн чиглэлд хийж буй олон талын хөрөнгө оруулалтын нэг нь жил бүрийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо юм. 2026 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг “Эрүүл уурхайчид” уриан дор эхэлж, хэд хэдэн өөрчлөлт, онцлогтойгоор зохион байгуулагдаж байна.
Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн харьяанд үйл ажиллагаа явуулж байсан “Эрдэнэт Медикал” эмнэлэг, Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон өргөжсөн. Тиймээс үйлдвэрийн ажилтан бүрт өөрсдийн сонгосон үзлэгийн багц дээр нь хавдрын эрсдэлийн оношилгоог нэмж оруулж байна. Ингэснээр элэг, ходоод, эмэгтэйчүүдийн умайн хавдрын урьтал болох эрсдэлтэй В,С вирус, хеликобактер, хөхөнцөр вирусыг урьдчилан шинжилж, хүндрэлээс сэргийлэх боломжийг илүү баталгаажуулах юм. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байрны онцлогоос хамаарах нарийн шинжилгээг хийх болсон нь чухал өөрчлөлт гэдгийг үзлэгийн нээлтийн ажиллагааны үеэр Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн Эмнэлзүй хариуцсан дарга Р.Мөнхбат онцлов.
Уурхайчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газар, Эрдэнэт сувиллын цогцолбор хамтран зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайдын 340 дүгээр тогтоолд хүнд, хортой нөхцөлд ажилладаг ажилчдын эрүүл мэндийн үзлэгт тухайн ажлын нөхцөлтэй нь уялдуулан зайлшгүй оношилгоо, шинжилгээ хийх тухай заасан. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс Нийгмийн харилцааны хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс, Эдийн засгийн хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс зэрэг холбогдох газар, хэлтсийн хамтарсан ажлын хэсэг байгуулан, Эрдэнэт сувиллын цогцолборын эмч нартай зөвлөлдөж, эрүүл мэндийн үзлэгийн багцыг гаргасан байна.
Энэ талаар Эрдэнэт сувиллын цогцолборын Статистикч эмч Ж.Эрдэнэчимэг ярихдаа, “Эрүүл мэндийн сайдын тогтоолд заасанчлан, бид энэ жилээс эрүүл мэндийн үзлэгийн үндсэн суурь 12 багц дээрээ ХАБЭА-н чиглэлийн тоосжилт, шуугиан, доргилт, хордлого, химийн цацраг бодис, нүдний харааны ачаалал зэрэг зургаан багц шинээр нэмж орууллаа. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөртэй холбоотой мэргэжлийн чиглэлийн өвчлөлийн эрсдэл, өртөлтийг эрт оношилж, сэргийлэх зорилготой” хэмээн тодотгов.
Энэ удаагийн эрүүл мэндийн үзлэгт Эрдэнэт үйлдвэрийн 9000 орчим ажилтан, ахмад, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилчид хамрагдана. Өнөөдрөөс, ажилтан, ахмадуудын эхний ээлж хуваарийн дагуу үзлэгтээ орж эхэллээ.
Үзлэгийг 2026 онд багтаан дуусгахаар төлөвлөж, шахуу хуваарьтай ажиллах тул нийт уурхайчдаа идэвхтэй хамрагдахыг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын Албаны дарга Д.Эрдэнэбат энэ үеэр уриаллаа.















