Эрдэнэт үйлдвэрийн технологийн тээврийн хүнд даацын 130, 135 тоннын өөрөө буулгагч автомашинууд засварын талбайд эгнэн зогсох нь нэн сүртэй. Тэнхээт “хүлгүүд”-д техник үйлчилгээ хийхдээ гүүрэн кранаар хэдэн зуун килограмм жинтэй эд ангиудыг өргөн задалж, нямбай засварлана. Дараа нь угсарч, хэвийн ажиллагааг нь нягтлан шалгаад, дахин хүдэр тээврийн их урсгалд хүч нэмэгдүүлэн гаргана. Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсэг бол үйлдвэрлэлийн тасралтгүй хэмнэлийг хадгалах чимээгүй фронт юм. Энэ фронтын тэргүүн “тулаанч” нь технологийн тээврийн автомашины засварчин Гарамжавын Нэмэхбаатар. Тэрээр хүнд даацын автомашины “эмч”-ээр 13 дахь жилдээ ажиллаж, эвдрэлийг оношлон, хөдөлгүүрийн “зүрх”-ийг дахин цохилуулах хариуцлагатай үүргийг гүйцэтгэж явна.
Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер мэргэжлээр төгссөн тэрээр Хивсний үйлдвэрт тоног төхөөрөмжийн засварчнаар ажлын гараагаа эхэлж, дөрвөн жилийн хөдөлмөрөө зориулсан. Дараа нь аавыгаа залгамжлан удам дагасан уурхайчны замыг сонгож, Эрдэнэт үйлдвэрийн өнөр бүлд нэгджээ. Аавынхаа зам мөрөөр, ажиллаж байсан хамт олонтой нь хүдэр тээвэрлэх их урсгалыг тасалдуулахгүй байх эрхэм үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэг хүүгийн хувьд нэр төрийн хэрэг төдийгүй бахархал юм. Түүний аав Н.Гарамжав энэ л хэсэгт 28 жилийн хөдөлмөрөө бүрэн зориулаад гавьяаныхаа амралтад гарсан Тэргүүний уурхайчин. Тэрээр хүүгээ Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга хэмээх эрхэм алдрыг харьцангүй залуу насандаа хүртэхэд нь аньсага чийгтүүлэн баярласан нь лавтай. Хүнд даацын автомашины засварчины ажлын хэцүү бэрх, цаг нартай уралдсан хөдөлмөрийн жаргал зовлонг биеэрээ туулсан учир арга ч үгүй биз.
Г.Нэмэхбаатар зөвхөн өгөгдсөн үүргийг гүйцэтгэдэг бус, ажлаа сайжруулах шийдлийг өөрөө эрэлхийлдэг онцлогтой ажилтан. Засварын явцад үүсдэг эрсдэл, хүндрэлүүдийг бууруулахын тулд тэр олон ажил санаачилан хэрэгжүүлсэн. Тухайлбал, засварын ажил гүйцэтгэх үед буруу байрлалаар ажиллах, өвдөг нуруугаа гэмтээх, доороос жиндэх эрсдэлтэй байсныг гарын доорх материал ашиглан тохирох өндөртэй дугуйт сандал санаачилан хийж, ашигласнаар хөдөлмөр хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлжээ. Мөн БелАЗ-75131 загварын автомашиныг шингэнт өргүүрээр өргөх үед гурван хүний оролцоотой ивүүр ашигладаг байсныг шинэчилж, хөдөлмөр хөнгөвчлөх үүднээс нэг хүн тавих боломжтой ивүүр санаачлан бүтээсэн нь өдөр тутмын ажлын салшгүй хэрэгсэл болсон байна. Үүгээр зогсохгүй, өргөх оосорны түгжээний аюултай сулралыг шийдвэрлэж, хоёр талын цөнг уян холбоосоор холбон бат бөх бэхэлсэн нь болзошгүй ослоос бүрэн сэргийлсэн шийдэл болсон тухай нөхөд нь ярьсан. Түүний санаачилсан иймэрхүү шийдлүүд ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, аюулгүй ажиллагааг шинэ түвшинд хүргэж байна.
Түүний хөдөлмөрийн үр дүн тоон үзүүлэлтээр ч тодорхой харагдана. Өнгөрсөн онд тэр 250, 500, 1000, 2000 мото цагийн төлөвлөгөөт засваруудыг өндөр чанартай гүйцэтгэж, гидравлик системийн эвдрэлийг богино хугацаанд оношлон засварлажээ. Мөн өөрөө буулгагч автомашинуудын улирлын бэлтгэлийг хангаж, гол зангилаануудын элэгдлийг нөхөн сэргээснээр ашиглалтын хугацааг 3500–4000 мото цагаар уртасгасан байна. Энэ нь угтаа эдийн засгийн асар их үр өгөөж дагуулсан ажил юм.
Технологийн тээвэр бол Эрдэнэт үйлдвэрийн эхлэл. Хүдэр тээвэрлэгдэн Баяжуулах үйлдвэрт хүргэгдэх тэр мөчөөс жинхэнэ үйлдвэрлэл эхэлдэг. Нэг автомашин ээлжиндээ дунджаар 30 эргэлт хийдэг гэхээр энэ урсгалын ард ямар их хариуцлага, найдвартай ажиллагаа шаардагддаг нь ойлгомжтой. Тиймээс засварчин бүрийн ур чадвар, сэтгэл зүтгэл технологийн тээврийн далд хүч юм.
Г.Нэмэхбаатар өөрийгөө зөвхөн засварын хуудсанд бичигдсэн ажлаар хязгаарладаггүй. Тэр ажлын бүтээмжийг дээшлүүлж, техник үйлчилгээнд орсон машинуудыг урсгал засварт оруулахгүй байх зорилтыг өмнөө тавьж, илүү сайжруулах арга замыг үргэлж эрэлхийлдэг. Харин энэ хэсгийн гол бэрхшээл нь ажлын хүнд хэцүү байдал гэхээс илүү хүний нөөцийн дутагдал гэдгийг тэр онцолсон.
Түүний үзэж буйгаар Эрдэнэт үйлдвэрийн технологийн тээврийн засварчдын ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн. Үүний ард тасралтгүй суралцах, туршлага солилцох, бригад хамт олноороо асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх соёл бий. Техник шинэчлэгдэхийн хэрээр багаж хэрэгсэл ч мөн дэлхийн стандарттай хөл нийлүүлэн хөгжиж байна.
Шударга, хөдөлмөрч байхыг эрхэмлэдэг тэрээр “Бид нутагтаа, гэрийнхээ дэргэд ажиллаж амьдарч байгаа нь давуу тал, их хувь заяа” хэмээсэн. Энэ өгүүлбэрт түүний хөдөлмөрийн хандлага, эх оронч сэтгэл, эгэл хэрнээ эрхэм үнэт зүйлс тод шингэсэн мэт. Г.Нэмэхбаатар шиг ур чадвартай, сэтгэл зүтгэлтэй олон аварга засварчины ачаар үйлдвэрлэл тасралтгүй үргэлжилж, улс орны эдийн засаг тэлсээр байна.















