Хэдэн жилийн өмнө ГОК-ийн овгорууд нэртэй ном уншсан минь санаанд буув. Горнообогатительный комбинат буюу товчоор ГОК хэмээгдэх уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээр овоглож ажил үйлсдээ овойж цойлсон хүмүүсийн тухай ном л доо. Эрдэнэт үйлдвэр маань уул уурхай нэрийн дор ажилладаг боловч Монгол улсынхаа үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарын төлөөллийг багтаасан том айл. Энэ утгаараа гэрэл цахилгаан, ус дулаан, тээвэр холбоо, барилга гээд бүх салбарын овгорууд энэ номд багтжээ.
Харин овгорууд нэрийн тухайд нутаг орныхоо хүмүүсийг айлган түйвээж явдаг сайн эрчүүдийг өргөмжилсөн утгыг бас агуулна. Энэ агуулгаасаа ч болсон уу. ГОК-ын овгоруудад эмэгтэй хүн багтаагүй байсан. Үүнээс үүдээд ГОК-ыг “айлгачих” сайн хүүхнүүд юусан билээ хэмээн сониучирхаж бодвол бас л олон салбарт овгор болохоор нь санаанд бууж байна. Тэдэн дотроос үйлдвэрийнхээ хэрэгжүүлсэн олон том төсөлд санаа бодлоо уралдуулж явахад минь техникийн шийдлийн аливаа согогт эрчүүдээс дутахааргүй ухамсарын “шанаа” өгдөг оюуны бядтай овгор хүүхнүүдийн нэг болох Д.Баярмаа инженерийн дүр санаанд буухад түүний тухай хэрэг, хөрөг нийтлэл бичихээр шийдэв. Томоохон төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгүүд байгуулахдаа Д.Баярмаа инженерийг нарийн бичгээр авахаар булаалдах ГОК-ын овгор эрчүүдийг хараад, “Энэ хүүхний юунд нь болдог байнаа” гэж гайхмаар. Гайхмаар зүйлийн цаана юу нуугдаж байгааг сонирхох дуртай уншигч олондоо энэ нийтлэлийг өргөн барьяа.
Гүнчин овогтой Доржийн Баярмаа инженер бол 1967 онд Төв аймгийн Алтанбулаг сумын Бор-Өндөр хайрханы өвөрт хүн эрдэнийн заяаг олж төрөөд Туул голын усаар угаалган эцгийнхээ малын хөлийн тоосонд өсөж торнисон хөдөө нутгийн гаралтай сэхээтэн. Айлын ууган охин. Ер нь ууган хүүхдүүд өвөө, эмээгийн дархлагдсан нандин эрдэнэ болж эрхээрээ дуудуулан өсдөг ч настан буурлуудын эгэл жирийн амьдралын үнэ цэнийг таньсан их хайр тэднийг өрөөл бусдад баяр жаргал бэлэглэгч зөв хүн болгодог. Өвөө, эмээгийн налгар сайханд хөтлөгдөн зоргоороо өсөхдөө дүү нараа тийм л их асрал хайраар хөглөн дагуулж аав ээж, овог удмынхаа түшиг тулгуур болдог. Ийм л сайхан хувь тавилангийн эзний ёсоор онц сурлагатан, бүтээлч сурагч, оюутан, инженер болж дэвжин төлөвшжээ.
1975 онд Алтанбулаг сумынхаа дунд сургуульд элсэн эрдэм мэдлэгийнхээ эхийг хатгасан тэрбээр эцэг эхээсээ хол дотуур байранд дүү нарынхаа амьдралын хөтөч болон суралцаж явахдаа 4-р ангиасаа эхлэн тухайн үедээ ховор сонин спортын төрөл болох гимнастикаар хичээллэж зөв зорилго бүхний төлөө шаргуу тэмцэх зориг тэвчээрийг олж авчээ. Иймийн учир үсэг танихаас эхлээд инженерийн эрдэмд дагуулсан багш нараасаа спортын гимнастикаар хичээллүүлсэн Бат-Очир багшийгаа онцгойлон дурсдаг. Одоо ч гэсэн баригдаж байгаа барилга байгууламжид хяналт хийхээр эвсэлтэй хөнгөн хөдөлгөөнөөр айж эмээлгүй авирч харайж яваагаа энэ спортын өгөөж гэж сүсэглэдэг.
Хүний шаргуу хичээл зүтгэл ажил үйлсийг амжилтанд дагуулж амьдралын шагнал болдог жамаар 1990 онд Улаанбаатар хотын Политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр улаан дипломтой төгссөн түүнийг Улсын барилгын зургийн төв институтийн Экспертизийн хэлтэст шууд ахлах техникчээр томилон ажиллуулжээ. Дөнгөж дээд сургууль төгсч байгаа албан ажлын туршлагагүй жаахан охиныг ингэж инженерүүдийн хийсэн зураг төслийг хянах хэмжээнд ажиллуулсан нь хувь хүний зан ааш, төлөвшил, нийгэмд үзүүлэх нөлөө зэргийг гурван үеийн намтраар нь шүүн судалж өндөр шалгуураар ажилд томилдог байсан тухайн цаг үед Д.Баярмаагийн мэдлэг ур чадварыг өндөр үнэлсэн хэрэг байв.
Ийм үнэлгээтэй эхлүүлсэн инженерийн хөдөлмөрийн бүтээлч сэтгэлгээ нь хамт олондоо хурдан үнэлэгдэж цаашдаа 1990- ээд оны нийгмийн шилжилтийн шинэ орчинд барилгын салбарыг нийцүүлэх олон ажлуудад анхдагч болон оролцжээ. 1991 - 1993 онд Архитектор хот байгуулалтын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллан Монгол улсын газар хөдлөлтийн стандартыг анхлан боловсруулахад гар бие оролцсон төдийгүй Монгол улсад барилгын ажлын зургийг анхлан компьютер дээр зурж байв.
1992 онд ОХУ-ын алдарт Уралын их сургуулийг баяжуулагч мэргэжлээр төгсч ирсэн нөхөр нь Эрдэнэт үйлдвэрт ажиллахаар хуваарилагдахад шинэхэн гэр бүл Эрдэнэт хоттой хувь заяагаа холбожээ. Ингээд 1993 оноос Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зураг төслийн хэлтэст зохион бүтээгч инженерээр ажилласан. Түүний хань Мунан овогтой Дашзэвэгийн Цэрэнчимэд бол Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт баяжуулагчаас авахуулаад Урвалжийн хэсгийн болон Рентген шинжилгээний шуурхай лабораторийн дарга, эдүгээ Техникийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байгаа бас л сайн инженер юм. Насны багаас нэгнээ мэдэж хамт суралцан амьдралаа холбосон эр нөхрийнхөө ухаанд биширч нөмөрт нь эрхлэн яваагаа амьдралын минь баяр баясал, аз завшаан хэмээн Д.Баярмаа инженер хэлсэн байдаг. Зөв сайхан амьдралыг үлгэрлэн яваа энэ гэр бүлийн хүү, охин хоёр нь аав, ээж шигээ хүний амьдралын гэрэл гэгээг бусдад түгээх иргэд болон өсч байгаа.
Хоёр хүүхдийн ээж, хүний сайн хань Д. Баярмаа хатагтай инженерийн хөдөлмөртөө ямархан хичээл зүтгэл гаргасныг түүний шагналын товчоо илтгэнэ. Тэрбээр
2000 онд Эрдэнэт үйлдвэрийн “Тэргүүний залуу ажилтан”,
2001 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Хөдөлмөрийн аварга”,
2006 онд Барилгын инженерүүдийн холбооны “Шилдэг инженер” цол,
2009 онд Монгол улсын “Шилдэг барилга”-ын зохиогч цом,
20014 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Оны шилдэг мэргэжилтэн”,
2015 онд “Тэргүүний барилгачин” хүндэт тэмдэг,
2015 онд “Алтан гадас” одон,
2017 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Тюряковын нэрэмжит шагнал”,
2026 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүндэт тэмдэг”-ээр
тус тус шагнуулж, Хүндэт дэвтэрт нэрээ мөнхөлсөн юм. Энэ бүх шагналын ард 1993-2007 онуудад Инженерийн зураг төслийн хэлтэст, 2007 – 2016 онд Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн албанд, 2016 – оноос Барилга байгууламжийн хяналт төлөвлөлтийн хэлтэст ажиллаж Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий өргөтгөлийн иж бүрэн барилга байгууламж, үйлдвэрийнхээ ДЦС-ын 48 мВт чадлын өргөтгөл, Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 820 мм-н диаметр бүхий 58 км төв шугам хоолойг барьж байгуулах гээд томоохон төсөл хөтөлбөрийн зураг төсөл зохиохоос эхлээд ашиглалтанд хүлээн авах хүртэл захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх нүсэр ажлын гүйцэтгэлд түүний оруулсан нөр их хөдөлмөр зүтгэл буй.
Барилга байгууламжийн ажлын явцад зураг төсөлд гарсан алдаа дутагдал, зайлшгүй хийх шаардлагатай нэмэлт ажлуудыг цаг тухайд нь илрүүлж үндэслэл нотолгоог гарган болзошгүй хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж чадна гэдэг бол Д.Баярмаа шиг ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж мэдлэг, ур чадвар хүримтлуулсан туршлагатай, шилдэг инженерийн бахархам үйлс юм.
Том төслүүдийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй ажлын хэсгийн гишүүдээс захиалагчийг төлөөлөн хийсэн хяналт шалгалтын үр дүнд гүйцэтгэгчийн ил, далд ажлууд хууль, дүрэмд нийцсэн олон боть баримт болон эмх цэгцэнд орж тухайн обьектийг Улсын комисст хүлээлгэн өгөх ярвигтай ажлын нүүр царай болдог. Ийм нүүр царайг сайтар бүрдүүлээд толгой эргэм энэ олон баримтын аль ч хэсгээс асуусан яв цав хариулах Баярмаа инженерийг хараад бахархах сэтгэл төрж, ГОК-н овгорууд ажлын хэсгийнхээ нарийн бичгээр авах гэж булаалдахаас яахав хэмээн өөрийн эрхгүй бодогдоно. Ажлыг завтай хүн хийдэггүй. Зав гаргаж л хийдэг гэж хойч үеэ сургах дуртай түүний ажилсаг чанар хамтран ажилласан хэн бүхэнд өгөөж буянаа хайрладагийн тод жишээ энэ болно.
Барилга бол инженерийн ухааныг газарт бөхөлдөг уран нүүдэл юм. Энэ нүүдлийн хөтөчийг товчхон хөрөглөхөд ийм байна.
Г. БАТМӨНХ















