Тэсийн унаган хүү

Хүний тухай дурсамж заримдаа үгээр бус, сэтгэлийн чимээгээр бичигддэг. Он жил улиран одох тусам мартагдах бус, харин ч улам тодорч, дотоодод гэрэл асаадаг хүмүүс бий. Миний хувьд, Дамдинсүрэнгийн Галбаатар дарга тийм л нэгэн хүн юм. Анхны мэдээгээ сонины хуудсанд хэвлүүлсэн тэр мөчөөс хойш гучин жил өнгөрчээ. Үзэг, цаастай нөхөрлөсөн он жилүүдийн минь 95 хувь нь “Эрдэнэт” үйлдвэрийн Хэвлэл мэдээллийн албатай холбогдоно. Энэ урт замд олон хүний мөр дайралдсан ч Галбаатар даргын дүр сэтгэлийн минь хуудаснаа нам гүм атлаа тод гэрэлтэн үлдсэн байна. Д.Галбаатар Завхан аймгийн Баянтэс сумын уудам хөндий, цэнгэг салхи, тунгалаг уснаас ухаан, тэнүүн зангаа олсон унаган хүү. Алсын барааг ширтэн өссөн нутгийн хүүгийн харцанд холч бодол, үгэнд нь жин дарж байдаг сан. Магадгүй Тэсийн салхи түүнийг ингэж төлөвшүүлсэн биз ээ. Галбаатар дарга дуу чанга бус ч үг нь цэгцтэй, даруу боловч дотоод тэнхээтэй хүн. Удирдлагын арга барил нь тушаал заавраар бус, итгэл дээр тогтдог байлаа. “Чи ингэж бодож байвал, чиний шийдвэрээр явъя” гэсэн ганц өгүүлбэр хүнийг хүндэлж, урмыг нь асааж, өөрт нь итгүүлж чаддаг байв. Ийм итгэлийг авсан хүн ажлаа зүгээр нэг гүйцэтгэх бус, сэтгэлээ шингээн хийдэг аж. Тэр бол “Эрдэнэт” үйлдвэрийн он цагийн толь, өнгөрснийг өнөөдөртэй, өнөөдрийг ирээдүйтэй холбож чаддаг “амьд архив” юм. Эдийн засгийн өргөн мэдлэгтэй, үйлдвэрийн үүсэл хөгжил, ашиг орлогын түүхийг он дарааллаар нь хүүрнэх чадвар нь түүнийг жинхэнэ сэхээтэн гэдгийг илтгэнэ. 
ОХУ-ын Эрхүү хотын УАААДС-ийг Уул уурхайн инженер-эдийн засагч мэргэжлээр дүүргэж, орос, англи хэлтэй, докторын зэрэгтэй ч, олсон боловсролоо хэзээ ч гайхуулж явдаггүй нь түүний даруухан зангийн илрэл. Түүний Маркетинг, мэдээллийн хэлтсийг удирдсан он жилүүд манай хамт олны уран бүтээлийн оргил үе байлаа. Жилд сонины 48 дугаар уншигчдын гарт тогтмол хүрч, “Эрдэнэт хүмүүн толь”, “Монгол зэс” гэрэл зургийн цоморлог, “Маркетинг” сэтгүүл, “Эрдэнэт хөгжил” сэтгүүл, www.erdenetmc.mn вэб сайт, “Эрдэнэт долгион” FM-107.1 радио, “Сайн-санаа” зэрэг бүтээл, хөдөлгөөнүүд төрөн гарсан нь хамтын оюуны хүчний бодит илэрхийлэл байв. Тэр бүхний ард Галбаатар даргын чимээгүй дэмжлэг, холч ухаан, уужуу сэтгэл байсныг өнөөдөр эргэн санахад илүү тод мэдэрдэг. Түүний удирдах арга барил, хүнтэй харилцах эелдэг зан, аливаад бүтээлчээр хандах сэтгэлгээ нь манай хамт олны итгэл, хүндэтгэлийг аяндаа татдаг сан. “Эрдэнэт” үйлдвэрт төдийгүй улс, эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр нь хий хоосон үг бус, гарт баригдаж, нүдэнд харагдах бодит бүтээлүүдээрээ илэрхийлэгддэг. Энэ утгаараа тэрбээр аль эрт алдар хүндийн эзэн болох учиртай нэгэн. Харин өнөөдөр үеийнхнээсээ ганцаараа гавьяат цолгүй яваа нь түүний даруухан зан, хийж бүтээснээ зарлан тунхаглах дургүйтэй нь холбоотой ч байж мэднэ. Миний хувьд түүний удирдлагад сурвалжлагчаас редактор, сонины эрхлэгч хүртэл дэвшин ажилласан он жилүүд амьдралын минь үнэт сургамж байлаа. Эрх мэдлийг итгэл болгон өгч, олон санал дундаас зөвийг нь олж харах ухааныг үлгэрлэн харуулдаг нь жинхэнэ удирдагчийн шинж юм. Тэр хүн, хүнийг урамшуулж чадна. Баяр ёслол бүрээр хөдөлмөрийг нь үнэлж, нэрийг нь дуудан шагнахдаа албаны өнгө бус, хүний халуун сэтгэл шингээдэг сэн. Хамт олноороо салхинд гарахад биднийг шөнөжин харуулдаж, өглөөний нарыг угтана, хэмээн үүр цайтал хууч хөөрнө. Эргээд бодоход тэр мөчүүд бол зүгээр нэг аялал бус, харин хүний мөн чанарыг таних, сэтгэлийг нь унших чимээгүй ухаарал байжээ. Галбаатар дарга үйлдвэрийн нийгмийн асуудал, боловсон хүчин, үйлдвэрлэл, эдийн засаг, худалдаа, санхүүг цогцоор нь харж чаддаг нэгэн. Сургалтын төвийн захирал, Эрүүл мэнд соёлын төвийн захирал, Цалин хөлс, Гадаад худалдаа, Маркетинг мэдээлэл зэрэг хэд, хэдэн хэлтсийн даргаар ажиллаж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр удаа дараа сонгогдон, улс орныхоо хөгжлийн төлөө оюун бодлоо зориулж ирсэн нь Тэсийн унаган хүүд заяасан тэнүүн сэтгэлийн илрэл юм. Энэ хугацаанд Шинжлэх ухаан, үйлдвэрлэл судалгааны “Эрдэнэт хөгжил” сэтгүүлийг санаачлан эрхэлж, “Эрдэнэт хүмүүн толь”, “Зах зээлд манлайлагчид”, “Эрдэнэт 35”, “Эдийн засгийн нэвтэрхий толь”, “Би иргэн”, “Чи хүн” зэрэг нийтлэлийн болон шүлэг, яруу найргийн ном туурвисан байх жишээтэй. Мөн Монгол Улсын уул уурхайн үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг үнэлэх, Эрдэнэт үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам, тус үйлдвэрт хөрөнгө оруулалт татах боломж, Монгол, Хятад, ОХУ-ын зэсийн зах зээл, Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагатай уул уурхайн кластер зэрэг сэдвээр 20 гаруй онол, практикийн хуралд илтгэл тавьж, гадаад, дотоодын сонин хэвлэлд шинжлэх ухааны 40 гаруй өгүүлэл бичжээ. “Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр боловсруулах багийн бүрэлдэхүүнд орж ажилласан нь түүний хүмүүн заяаны гэгээн замналын тод мөр юм. Он цаг өнгөрөх тусам цол хэргэм бүдгэрч, албан тушаал мартагддаг. Харин хүний үлдээсэн мөр, нутгийн салхи шиг цэвэр зан, хамтдаа бүтээсэн итгэл л мөнхөрдөг. Сонины маань шаргал хуудсанд Тэсийн унаган хүү, Дамдинсүрэнгийн Галбаатар дарга ийнхүү уянгатай, тод хөргөөрөө үлдэж байна.


Тэсийн тал шиг уудам ухаан тань
Цагийн уртад гандалгүй оршиж,
Үзэгний гэрэлд таны хөрөг
Үргэлж тод хэвээр байх болтугай.
Үйлс тань өнөд дэлгэрч,
Урт насалж, удаан жаргахын
Ерөөлийг энэхүү хөрөг дурсамжийн мөрөөр өргөн дэвшүүлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %