Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэгт үйлдвэрлэлийн хүчин чадал, найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой техник, технологийн шинэчлэл шат дараатай хэрэгжиж байна. Энэ ажлын хүрээнд дунд болон жижиг шатны бутлалтын тоног төхөөрөмжийг орчин үеийн, өндөр бүтээмжтэй MP-800 бутлуураар солих ажил амжилттай үргэлжилж байна. Тус хэсэг нь 1000 мм хүртэлх хэмжээтэй хүдрийг гурван шатны бутлалтаар 15 мм хүртэл бүхэллэгтэй болгон боловсруулж, цааш нунтаглалтын циклд дамжуулах үндсэн үүрэгтэй.
Үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд 2019 оноос эхлэн ОХУ-ын Уралмаш үйлдвэрийн КСД-2200Т2-Д, КМД-3000Т2-ДП маркийн бутлууруудыг Metso компанийн MP-800 бутлуураар үе шаттайгаар сольж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дунд шатанд нэг, жижиг шатанд хоёр MP-800 бутлуур тогтвортой ажиллаж байна.
Энэ удаагийн шинэчлэлээр, 2004 онд ашиглалтад орсон КСД-2200Т2-Д маркийн (техникийн №5) бутлуурыг MP-800 бутлуураар сольж, уг ажлыг 2026 оны гуравдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 05-ны хооронд төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлээ. Суурилуулалтын ажлыг Metso компанийн мэргэжилтнүүдийн хяналт дор хийж, дөрөвдүгээр сарын 05-наас эхлэн 72 цагийн ачаалалтай туршилт хийгдсэн.
Шинээр суурилуулсан MP-800 бутлуур нь өмнөх КСД-2200Т2-Д бутлуураас бүтээмж өндөр, цахилгаан эрчим хүчний хувийн зарцуулалт бага, бүрэн автоматажсан, найдвартай ажиллагаа илүү сайжирсан зэрэг олон давуу талтай. Одоогийн байдлаар Бутлан тээвэрлэх хэсэгт жижиг, дунд шатны нийт 11 ширхэг бутлуур ажиллаж, тээрмүүдийг бутлагдсан хүдрээр хангаж байгаа бол шинэчлэлийн ажил бүрэн хэрэгжиж дууссанаар 8-9 ширхэг MP-800 бутлуураар ижил хэмжээнд, илүү үр ашигтайгаар хангах боломж бүрдэх юм.
Мөн шинэ төрлийн бутлууруудыг нэвтрүүлснээр бутлуурын тоо цөөрөхийн зэрэгцээ туузан дамжуурга, бункер, редуктор зэрэг туслах тоног төхөөрөмжийн тоо буурч, системийн уялдаа сайжирна. Үүний үр дүнд ашиглалтын найдвартай ажиллагаа нэмэгдэж, эрсдэлийн түвшин буурч, хөдөлмөрийн аюулгүй байдал бодитоор дээшлэх ач холбогдолтой юм. Ийнхүү Баяжуулах үйлдвэрийн тех-ник, технологийн шинэчлэл нь үйлдвэрлэлийн үр ашиг, тогтвортой ажиллагааг хангахын зэрэгцээ орчин үеийн автоматжуулалтын шийдлийг нэвтрүүлж, уул уурхайн салбар дахь жишиг хөгжлийг тодорхойлж байна.
Баяжуулах үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсэгт МР-800 бутлуур суурилуулж, үйлдвэрлэлийн үр ашиг дээшиллээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















