Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулсан Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын дэргэдэх "Хангарди" клубын нэрэмжит Туялзуур сэлмийн өсвөр үе болон насан хүрэгчдийн тэмцээн энэ сарын 11,12-ны өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулагдаж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Дэлхийн туялзуур сэлмийн холбооны Ази тив хариуцсан Тэргүүн, Монголын туялзуур сэлмийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Лхамсүрэнбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Т.Очирхүү, Эрчим хүчний хэлтсийн дарга-Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболд, Спорт цогцолборын Биеийн тамир, спорт хариуцсан ахлах дасгалжуулагч М.Отгонбаяр нарын албаны хүмүүс оролцож, тамирчдад амжилт хүслээ.
Энэ үеэр Дэлхийн туялзуур сэлмийн холбооны Ази тив хариуцсан Тэргүүн, Монголын туялзуур сэлмийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар үг хэлэхдээ, Анхны олимпоос өнөөг хүртэл хүн төрөлхтний спортын их наадмын төрөлд багтаж буй Туялзуур сэлмийн спортыг дэмжин, Монголд хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, уурхайчин хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Монголын туялзуур сэлмийн холбоо Туялзуур сэлмийн “Хангарди” клубын тамирчдыг дэмжин хувцас хэрэглэлээр хангаж, дасгалжуулагч багш, шүүгч нарыг мэргэжил арга зүйн сургалтад хамруулсаар ирсэн. Энэ удаа “LAVERO” брэндийн онооны машиныг Туялзуур сэлмийн “Хангарди” клубт бэлэглэсэн юм.
Тэмцээнд “Дуэль”, “УБ фенсинг”, “ЛТ”, “Флеш” зэрэг нийт долоон клубын 200 гаруй тамирчин авхаалж самбаа, техник ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүд тодорсоор байна.






















