Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Сэлэнгэ” амралт ,аялал жуулчлалын цогцолборын амралтын баазыг уурхайчдын эрүүл мэнд, сувилахуйн чиглэлээр ажиллуулна. Энэ талаар Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх тус цогцолборын ажилтнуудтай хийсэн өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнд дэлгэрэнгүй танилцуулж, үүрэг даалгавар өглөө.
“Сэлэнгэ” амралтын бааз, “Энэрэл” хүүхдийн төв, Нийтийн хоол, Зочид буудал, “Сэлэнгэ” катаринг зэрэг үйлчилгээ, худалдааны цогц үйл ажиллагаа явуулдаг тус цогцолборын цаашид өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ашиг орлого болон үйлчилгээний чанар, соёлыг сайжруулахын тулд зөв төлөвлөлт, оновчтой шийдлээр ажиллуулах шаардлага бий болсон. Иймд амралтын баазыг түшиглэж, уурхайчдын эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор сэргээн засах, уламжлалт сувилахуйн амралт болгон өөрчлөхөөр төлөвлөж байна. Ингэхдээ “Эрдэнэт” сувиллын цогцолборын үйл ажиллагаа, сувилал эрхлэх зөвшөөрөл болон уламжлалт, сэргээн засах мэргэжлийн эмч, ажилтнуудын нөөц, боломж дээр тулгуурлан, харилцан уялдаа холбоотой ажиллах юм. Өөрөөр хэлбэл, тэнд “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч, сувилагч нар ээлжээр ажиллах боломжтой гэж онцлов.
Тиймээс “Сэлэнгэ” амралтыг уурхайчдын сувилахуйн амралт хэлбэрээр ажиллуулахтай холбогдуулан үйл ажиллагааны чиглэл, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, үүнд шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримт, тоног төхөөрөмж зэргийг нарийвчлан гаргаж, ирэх долоо хоногт танилцуулахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.
Түүнчлэн цогцолборын үйл ажиллагаанд үйлчилгээний бүхий л талын стандартыг нэвтрүүлж мөрдөх, харилцаа, хандлагын соёлыг баримтлах, ижил төстэй үйл ажиллагаа бүхий бусад худалдаа, үйлчилгээний байгууллагуудтай өрсөлдөх чадамж, чанарыг сайжруулах, ажилтны өсөлт хөгжил, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг өргөтгөсөн шуурхайд оролцсон холбогдох хэлтэс, албадын удирдлагууд тус тусын саналдаа онцолж, чиглэл өглөө.















