Хамтын ажиллагаа,нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх тэргүүтэй, холбогдох хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдийн баг нийгмийн цехүүдийн ажилчидтай хийж буй цуврал уулзалтаа өнөөдөр Аж ахуй, үйлчилгээний цехээс эхлүүллээ.
Эрдэнэт үйлдвэрийн өнгө төрхийг тодорхойлж, ажилчдад тав тухтай, цэвэр орчин бүрдүүлэх нийтлэг үйлчилгээ үзүүлдэг тус цех 129 ажилтантай. Тэдний 70 орчим нь албан тасалгаа, ариун цэврийн өрөө, гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан нормоор бол албан тасалгааны нэг цэвэрлэгч 350 м2 талбай цэвэрлэх ёстой. Гэтэл Эрдэнэт үйлдвэрт 500 орчим м2 талбай ноогдож байгааг Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа мэдээлэлдээ онцолсон. Тэрээр цэвэрлэгээ үйлчилгээний ажилчдын ачаалал өндөр байгааг харгалзан үзэж орон тооны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Харин Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд “Засгийн газрын тогтоолын дагуу Эрдэнэт үйлдвэрт нэн шаардлагатайгаас бусад орон тоог нягтаршуулах, сул орон тоог нөхөн бүрдүүлэхгүй байх үүрэг чиглэл өгсөн. Тиймээс одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ажил үүргийг нягтаршуулах зохион байгуулалт хийхээс өөр арга байхгүй”-г учирлаж, цахилгаанчин зэрэг нарийн мэргэжлийн ажлын байранд сонгон шалгаруулалт хийх асуудалд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.
Аж ахуй, үйлчилгээний цехийн бүх үйлчилгээний нэгжийн өртөг зах зээлийн үнээс бага байна. Хэрэв Эрдэнэт үйлдвэр гадны байгууллагаас аж ахуйн үйлчилгээ авсан бол жилд 3.6 тэрбум төгрөгийн илүү зардал гаргах байсныг ч энэ үеэр дурдсан.
Үйлдвэрийн газрын удирдлагын багийнхан үйл ажиллагаагаараа манлайлагч цехийн хамт олонд үйлчилгээний чанараа алдахгүй, бүтээмжийн чиглэлээр санаачилгатай ажиллах, фондны байрны зөрчилтэй оршин суугчдын асуудлыг даруй шийдвэрлэх, “Эрдэнэт” сувиллын цогцолборын цэвэрлэгчийн тоог нэмэгдүүлэх үүрэг чиглэл өглөө.















