Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг-8” өрсөлдөөнт тэмцээн Орхон аймаг, Эрдэнэт хотноо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын “Хангарди” паласт өнөөдөр ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ш.Даваахүү, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Батмөнх, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Монголын Чөлөөт Бөхийн Холбооны удирдлагууд, дасгалжуулагчид, үе үеийн алдарт тамирчид, спорт сонирхогчид оролцов.
Нээлтийн үеэр Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар тэмцээнийг албан ёсоор нээж, шүүгч, тамирчид, зохион байгуулагчдад хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр, Чөлөөт Бөхийн Холбоо сүүлийн жилүүдэд зохион байгуулалтын шинэчлэл хийж, тамирчдын өрсөлдөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын тэмцээний тоо, чанарыг тогтмол өсгөж ирснийг онцолсон юм. Өдгөө 9 настай хүүхдээс эхлээд насанд хүрэгчид, ахмадын ангилал хүртэл жил бүр 6–7 төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг тогтмол зохион байгуулж хэвшсэн бөгөөд үүний үргэлжлэл болгон олимпын жин тус бүрийн шилдэг найман тамирчны “Шилдэг-8” тэмцээнийг Эрдэнэт үйлдвэртэй хамтран зохион байгуулж байгааг тэмдэглэлээ. Мөн энэхүү тэмцээн нь дотоодын тамирчдын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, бэлтгэл сургуулилтын чанарыг ахиулахад бодитой үр нөлөө үзүүлж байгааг дурдан, тэмцээнийг дэмжин хамтран зохион байгуулж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв.
Түүнчлэн, Монгол Улс дэлхийн чансаа тогтоодог дөрвөн том тэмцээний нэг болох “Ulaanbaatar Open”-ийг зохион байгуулдаг болсон бөгөөд уг тэмцээн энэ оны зургаадугаар сард Монгол Улсад зохион байгуулагдана гэдгийг онцлов. Мөн 2026 оныг Чөлөөт Бөхийн Холбооноос бэлтгэл, сургуулилтын жил болгон зарлаж, Япон улсын үндэсний шигшээг олон жил дасгалжуулж, 14 олимпын аварга төрүүлсэн нэрт мэргэжилтэн Сахиа Гацуфута-г ахлах зөвлөх, дасгалжуулагчаар урьж ажиллуулж буйгаа танилцууллаа. Эдгээр ажлын үр дүнд Монголын чөлөөт бөхийн тамирчдын амжилт жилээс жилд нэмэгдэж, өнгөрсөн онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хамгийн олон медаль хүртэж, Монголын Үндэсний Олимпын Хорооны “Бөртэ чоно” оны шилдэг холбооны цомын эзэн болсон нь хамтын хүч, зүтгэлийн бодит илрэл болохыг тэрбээр онцолсон юм. Ийнхүү Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг-8” тэмцээний барилдаанууд албан ёсоор эхэлж, шилдэг тамирчид жин тус бүрд аваргын төлөө өрсөлдөж байна.















