“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдаж, Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бараа материалын ханган нийлүүлэлт болон цаг үеийн бусад асуудлаар үүрэг даалгавар өгсөн. Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хэвийн ажилласан байна. Зорилтот хяналт, шалгалт энэ сарын 15-нд дуусч нэгдсэн дүгнэлтийг танилцуулна гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс мэдээллээ. Бүтцийн нэгжүүдийн ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлийн 58 хэмжилт хийхэд 36 нь зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтэрсэн байна. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын сургалтад 550 хүн хамрагджээ. Галын дуудлага, гэмт хэрэг, зөрчилгүй ажилласан байна.
Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн биелэлт танилцуулсан. Хоёрдугаар сарын эхний арав хоногт өдөрт 30 вагон зэсийн баяжмал ачихаар төлөвлөж, өнөөдрийн байдлаар 240 вагон экспортод ачуулсан байна. Сар гарсаар уурхайчид 3011 тонн цэвэр зэс агуулсан 13499 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Монгол Улсын Засгийн газраас хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг 28-ны амралтын өдөрт шилжүүлсэнтэй холбогдуулан үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын тушаал гарч байгаа тул бүтцийн нэгжүүд хөдөлмөр зохицуулалт хийж ажиллахыг шуурхай зөвлөгөөнөөс үүрэг болголоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжүүдийн 2025 оны үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны тайлангийн хурал энэ сарын 3, 4-ний өдөр болж, уурхайчин хамт олон үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээ давуулан биелүүлж, амжилттай ажилласныг Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат хэллээ.
Ерөнхий захирлын тушаал гарч, 13 дахь сарын цалинг өнөөдрөөс олгож эхэллээ. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон 2025 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, бизнес төлөвлөгөөнд тусгасан зорилтот түвшинг давж биелүүлснийг Ерөнхий захирал Г.Ёндон шуурхай зөвлөгөөнд онцоллоо. Тухайлбал, төлөвлөгөөнөөс илүү 20,4 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн, 78,3 тэрбум төгрөгийн нэмэлт орлоготой ажиллаж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 35,7 хувиар давуулан биелүүлсэн бөгөөд борлуулсан бүтээгдэхүүний нэг төгрөгт ноогдох зардлыг 9,1 хувиар бууруулсан байна.















