Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Өргөтгөсөн зөвлөгөөний эхэнд үйлдвэрийн газрын удирдлагууд, үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан уурхайчин нөхөртөө хүндэтгэл үзүүлж нэг минут чимээгүй зогсон эмгэнэл илэрхийлсэн юм. Ослын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө чиглэл бүрээр гарсан. Гамшгаас хамгаалах штаб, Цагдаагийн бүрэлдэхүүн, хууль хяналтын байгууллага өөрсдийн чиглэлээр ажлаа үргэлжлүүлж байгааг Ерөнхий инженер мэдээлээд, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хүн бүр зүрх сэтгэлээрээ харамсал илэрхийлж, Уул уурхайн салбарынхан, мөр зэрэгцэн ажиллаж байсан уурхайчны гэр бүл, хамт олонд эмгэнэл илэрхийлсээр байгааг уламжилсан. Талийгаачийг энэ сарын 14-ний лхагва гаргийн үүрээр эцсийн замд нь үдэж, салах ёс гүйцэтгэх юм.
Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн даргаар шинээр томилогдсон Чимэддоржийн Мөнхбатыг энэ үеэр танилцууллаа. Тэрээр Цагдаагийн академийг Эрх зүйч-цагдаагийн ажилтан мэргэжлээр, ШУТИС-ийн Механикийн сургуулийг авто инженер мэргэжлээр тус тус төгсжээ. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлсэн Ч.Мөнхбат Замын цагдаагийн хэсэгт ахлах хэрэг бүртгэгч, ахлах байцаагч, ЦЕГ-ын Хуулийн хэлтэст ахлах мэргэжилтэн, Урьдчилан сэргийлэх хэлтэст ахлах мэргэжилтэн, Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт ахлах байцаагч, ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан байна.
Хаягдлын аж ахуйгаас тоос дэгдэх эрсдэл үүсэж байгаатай холбогдуулан Баяжуулах үйлдвэртэй хамтран тоос дарах бодисууд ашиглан 10 га талбайд цагаан тоосны дэгдэлт бууруулах ажил зохион байгуулсныг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээллээ. Мөн цаг агаарын байдал хүндэрвэл авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллахыг Гамшгаас хамгаалах штабт үүрэг болголоо. Штаб Гэрээт Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасагт ачаалалтай болон эрсдэлтэй хэсгүүдэд хяналтын давтамжийг нэмэгдүүлэх, Дотоодын цэргийн ангид шалган нэвтрүүлэх хэсгийн аюулгүй байдлыг ханган ажиллах, нийт бүтцийн нэгжүүдэд ослоос урьдчилан сэргийлэх Гамшгийн Улсын байцаагчийн зөвлөгөө мэдэгдэл хүргүүлсэн байна.
Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс оны эхний 10 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт хангалттай сайн биелж явааг мэдээллээ. Тухайлбал, уулын цул гаргалт +32000м3, хөрс хуулалт +9000 м3, хүдэр боловсруулалт +30 000 тонн, хүдэр дэх зэсийг агуулга 0,397-той явж байна. Тайлант хугацаанд 22,38 хувийн агуулгатай 4398 тонн цэвэр зэс агуулсан 19657 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ.
Уулын технологийн тээврийн хэсэгт шинээр “Комацу” маркийн хоёр автомашин техникийн шинэчлэлээр ирснийг хоёрдугаар сарын 01-нээс ажилд гаргахаар угсралтын ажлыг төлөвлөн эхлүүлж байгааг Авто тээврийн цехээс мэдээллээ.















