Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсгийн механикч Доржийн Эрдэнэжаргал одоогоос таван жилийн өмнө “Моннис” группийн ажилтан байлаа. Засварчнаас нь ахлах механик хүртэл явсан тэрээр Эрдэнэт үйлдвэрт ажилладаг “LIEBHERR”-ийн тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг гэрээгээр хариуцдаг байв. Группээс нэг л өдөр Хөшөөтийн уурхайд өндөр цалинтай ажиллах санал тавихад нь, төрж өссөн Эрдэнэт, хүүхэд насных нь дурсамжийг хадгалсан Ил уурхайгаас холдож чадахгүйгээ ойлгожээ. Түүний аав 1976 онд Баянхонгор аймгаас “Эрдэнэт” үйлдвэрт ажиллахаар илгээлт өвөрлөн ирсэн анхдагч уурхайчдын нэг. Отгон хүүдээ Эрдэнэжаргал хэмээх нэр хайрласан нь ч магадгүй уул уурхайн буян заяа үргэлжлэхийг бэлгэшээсэн хэрэг биз. Аавынхаа “Краз” машины кабинд сууж, Ил уурхай руу өгсөх замдаа “Аюулгүй байдлаа хангацгаая” гэсэн бичгийг уншиж өссөн хүү хожим Орхон аймгийн IV дунд сургуулийг дүүргэж, улмаар Радио холбооны электроникийн мэргэжил эзэмшжээ. Харин сүүлд магистр зэрэгтэй механик инженер болсон байна. “Моннис” групп түүнийг том оврын “LIEBHERR” экскаваторын мэргэжилтнээр Франц улсад тусгайлан сургасан нь улам “үнэ оруулсан”.
Уул уурхайн тэргүүлэх техник бол экскаватор. Учир нь түүний бэлэн байдал буурах нь үйлдвэрлэлийн бүх шатанд шууд нөлөөлдөг. Өдгөө Ил уурхайд хүчин чадал өндөртэй 18 кубын, цахилгаан-шингэний хосолсон хөтлүүртэй таван экскаватор ажиллаж байна. Судлаачид орчин үеийн “LIEBHERR”-ийг засварлахад төвөгтэй гэж үздэг ч Эрдэнэт үйлдвэрийн экскаваторуудын ашиглалтын бэлэн байдлын коэффициент үргэлж 90 хувиас дээш байдаг нь Засварын хэсгийн хамт олны чадварыг илтгэнэ. Ингэснээр техникийн сул зогсолт багасаж, ашиглалтын зардлыг бууруулж, энэ жил гэхэд 350 сая төгрөгийн хэмнэлт гарган ажилласан байна.
Д.Эрдэнэжаргал, актлагдсан экскаватораас гарсан эд ангиудыг засварын талбайд туршин судлах суурин тоног төхөөрөмж зохион бүтээснээр эд ангиудыг сэргээн засварлаж, дахин ашиглах боломж бүрдүүлжээ. Мөн эвдрэх магадлалыг хиймэл оюун ашиглан тооцож, түүгээрээ төсөл боловсруулан, уралдаанд оролцож дэд байрын шагнал хүртсэнээр энгийн механик биш инновацын инженер гэдгээ нотолсон. Түүний эрдэм шинжилгээний өгүүлэл “Монгол инженер 2025” эмхэтгэлд хэвлэгдсэн нь боловсрол, ур чадвараа тасралтгүй ахиулж буйг илтгэнэ.
Механикч Д.Эрдэнэжаргал “Миний өмнө Г.Эрдэнэбаатар хэмээх, экскаваторын шанага хийсэн, тэлэгч дугуйны төсөл хэрэгжүүлсэн чадварлаг механик байлаа. Би сайн мэргэжилтний итгэлийг даахыг л хичээн ажилладаг” хэмээн даруухан өгүүлнэ билээ. “LIEBHERR R9350E” экскаватор нэг цаг сул зогсоход дунджаар 25-аас 30 сая төгрөгийн алдагдал хүлээдэг. Эндээс ямар өндөр хариуцлага, ур чадвар шаардсан ажлын талбар болох нь ойлгогдоно. Тэрээр бүтээмжийн үйл ажиллагаагаар үргэлж тэргүүлж, “LIEBHERR” дугуйлангийн ахлагчаар таван жил ажиллахдаа 40 гаруй сайн санал гаргаж, олонхыг нь төсөл хэлбэрээр амжилттай хэрэгжүүлжээ. Мөн шинэ залуу ажилтнуудыг дадлага давамгайлсан хэлбэрээр дагалдуулан сургаж байна. Тосолгооны систем, гидро систем, компрессор, цилиндр, араат насос зэргийг задалж угсруулах дадлагыг суурин тоног төхөөрөмж дээр хийлгэж, өөрийн мэдлэг чадвараа харамгүй түгээн өвлүүлж байгаа нь Эрдэнэт үйлдвэрээ гэх сэтгэлтэй инженерийн эрхэм чанар. Түүний уйгагүй хөдөлмөр, оюуны хөрөнгө оруулалт, залуу үеэ сурган чиглүүлэх чин сэтгэл зүтгэл бүхэн нь Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой ирээдүйн нэгэн тулгуур билээ.















