Энэ удаа бид Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин, бригадын ахлагч Сүрэнжавын Баянбаатартай ярилцлаа.
-Юуны түрүүнд танд 2025 оны Шилдэг шинийг санаачлагч болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Эхлээд та, бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
-Манай аав Завхан аймгийн Түдэвтэй сумынх. Намайг таван настай байхад аав “бурхан” болоод ээж хүүхдүүдтэйгээ Орхон аймгийн Жаргалант суманд шилжиж ирсэн түүхтэй. Энэ суманд л миний хүүхэд нас өнгөрсөн дөө. Би багаасаа хөдөлмөр эрхэлсэн. Дунд сургуулийн долдугаар ангийн сурагч, зуныхаа амралтаар Орхон, Дарханы авто зам засварын ангид ажилладаг байлаа. Сарын цалин болох 40 мянган төгрөг аваад маш их баярласан. Энэ мөнгөөрөө хонь, гурил, будаа авсан. Өөрийнхөө болон дүүгийнхээ хичээлийн бэлтгэлийг хангасан. Илүүг нь ээждээ л өгсөн дөө. Ээж, “Хүүхэд өсөх сайхан юм” гээд байсан нь санаанаас ер гардаггүй. Ингэж л би хар багаасаа ээждээ тус нэмэр болохын төлөө ажил хийж, зөв амьдрах гэж зүтгэсэн. Ээж маань ганцаараа хөдөлмөр эрхэлнэ. Тавын таван хүүхдээ өсгөж хүмүүжүүлж яваа ээжийгээ их өрөвддөг байлаа. Би дээрээ хоёр эгчтэй, нэг ахтай. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Таньдаг айл амьтны ногоон талбайн зэрлэг зулгаана. Хүнсний ногоог нь тарина. Өдрийн хөлсөө авчихна. Ингэж хөдөлмөрт нухлагдаж өссөн. Би хөдөлмөрөөр хүмүүжсэн хүн. Миний бага насанд амьдралын буруу зуршилд татагдах зав байгаагүй. Үүний ачаар архи, тамхинаас хол явна. Хөдөлмөрлөснөөрөө би зөв амьдраад явсан санагддаг. Миний толгойд яаж мөнгө олж амьдрах уу гэсэн бодол л их эргэлддэг байлаа. Урт нь дөрөв, гүн нь хоёр метрийн зоорь ухаж ашиглалтад өгнө. Ер нь хийгээгүй ажил байхгүй. Хар бор ажлыг голохгүй бүгдийг хийсэн дээ. Манай хүргэн ах Дүүрэнбаяр энэ л та нарыг тэжээнэ гэж намайг хэлдэг байсан. Энэ үг надад их урам хайрласан. Би зүгээр суудаггүй. Ямар нэг юм хийж байдаг. Ер нь ажил хийгээд амьдраад байж болмоор санагддаг байсан л даа. Энд тэнд очоод ажил хийгээд явчихдаг болохоор манай хамаатнуудаас “Танайд ийм хүүхэд байсан юм уу” гээд асууж байх жишээтэй. Би гэртээ тогтохгүй байхгүй юу.
-Тэгвэл та яг хэзээ ажил хөдөлмөрийн сайхныг мэдэрсэн бэ?
-Анхны цалингаа аваад их урам орсон. Тэгээд л хөдөлмөрийн амтыг мэдэрсэн. Хүний хөлсөө дуслуулж олсон хоол эзэндээ амттай байдаг.
-Таны эзэмшсэн мэргэжил юу вэ?
-Оосорлогч, зүсэгчийн хос мэргэжилтэй.
-Таны удирдсан хамт олон ямар ажил хийж хэрэгжүүлээд байна вэ?
-Манай хэсэг Баяжуулах үйлдвэрийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн аваарын болон төлөвлөгөөт засварын ажлуудыг цаг хугацаанд нь чанартай хийдэг. Өнгөрсөн онд төлөвлөгөөт засварыг хугацаанаас нь 1129.09 цагаар хэмнэсэн. Үүний үр дүнд төлөвлөгөөнөөс 348,720 тонн нэмэлт хүдэр боловсруулах боломж бүрдсэн. Энэ бүхэн хувь хүнээс илүү, хамт олны хөдөлмөрийн үр дүн. Тэгэхээр би хийсэн гэхээс илүү, бид хийсэн гэвэл зохимжтой. Мөн КМД, КСД болон ККД бутлуурын үндсэн эд ангийг сольж, 3, 4, 5, 6 дугаар гулдмай шигшүүрийн шатны засварыг тус тус хийсэн. Мөн Бутлан тээвэрлэх хэсгийн өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн 19, 24 дүгээр шигшүүрийг Австри улсад үйлдвэрлэсэн бүтээмж өндөртэй шигшүүрээр сольж тохиргоо угсралтын ажил хийлээ. Түүнчлэн 18, 19, 20, 21 дүгээр туузан дамжуулагчийн хүдэр хүлээн авах течкүүдийг шинэчилсэн.
-Та ажлын байрны нөхцөлийг сайжруулахад их идэвх санаачилгатай ажилласан байдаг. Хөдөлмөр хөнгөвчилсөн, гар ажиллагааг багасгасан сайжруулалтын ажлаасаа дурдахгүй юу?
-МР-800 Бутлуурын 13 дугаар хоёрдогч шигшүүрт хоёр конвейерын барабан суурилуулсан. Туузан дамжуулгуудын редукторуудыг сольсон. Сайн саналын системээр дамжуулан хөдөлмөрлөх орчин нөхцөлийг сайжруулах, засварын ажлыг хөнгөвчлөх чиглэлээр нийт 10 санал гаргасан. Үүний найм нь сайн санал, хоёр нь энгийн саналаар үнэлэгдэн 100 хувь хэрэгжсэн. “Манлайлагч” бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан нийт таван сайжруулалтын ажил хэрэгжүүлээд байна. Тухайлбал, гулдмай шигшүүрийн засварын ажлын үеийн аюулыг багасгаж, хавтант тэжээгүүрийн дээд ролик сольдог тэргийг шинэчлэн, 12, 13 дугаар бутлуурын ачаалах течкэнд хүн орж засвар үйлчилгээ хийх зориулалт бүхий хаалга хийсэн. КМД бутлуурын хуваарилах хайрцгийн плита амархан элэгддэг байсан. Иймээс хуваарилах хайрцгийн плита листийг резинээр хуягласнаар элэгдэл удаан болж 15 сая төгрөгийн материал хэмнээд байна. КМД бутлуурын кожухны кольцог цонхолж гагнахад амархан элэгдэж хазайдаг байсан юм. Үүнийг цонхлохгүйгээр кольцоны ар хэсэгт тулгуур хийж гагнаснаар элэгдэж кольцо салахгүй болсон. Гулдмай шигшүүрийн бетон хамгаалсан лист нь бэхэлгээ муу гагнуур нь амархан элэгдэж, солигддог байсныг листний арын хэсэгт шинээр бэхэлгээ хийлээ. MP-800 №4 дүгээр бутлуурын ачаалах течекний хажуугийн хашлаганы хөндлөн тушаа байхгүйн улмаас хүн хашлаганаас унах эрсдэлтэй байсан. Үүнийг шинэчилж эрсдэлийг арилгалаа.
-Та шавь олонтой юу? Тэдэнд зааж сургаж л яваа биз дээ?
-Залуу ажилтнуудыг бэлтгэх, үйлдвэрлэл дээр дагалдуулан сургахад өөрийн мэддэг чаддагаа харамгүй хэлж өгдөг. Тоног төхөөрөмжийн засварчин Э.Гомбодорж, С.Бат-Эрдэнэ, Э.Чинзориг, П.Дашдорж, Б.Энхтүвшин, С.Булганбаяр нарыг үйлдвэрлэлийн байранд дагалдуулан сургаж бэлтгэсэн. Эдгээр ажилтнууд мэргэжлийн ур чадвар эзэмшин, дадлага туршлагатай тэргүүний ажилтан болон өсөн дэвшиж Э.Гомбодорж, С.Бат-Эрдэнэ нар инженер техникийн ажилтнаар дэвшин ажиллаж байна.
-Таны сэтгэлээс гардаггүй, эцэг, эхийн тань сургаал байдаг уу?
-Ээж маань олонд тустай, зөв хүн болж төлөвшихийг их захидаг байлаа. Нэмэр тус болж чадахгүй ч хүнийг гэсэн чин сэтгэлтэй бай гэдэг сэн. Одоо ч би хүнд чадах юм байвал дэм тус болчих юм сан гэж боддог. Ер нь ээж биднийг нэлээн ширүүн гараар өсгөсөн л дөө. Манай гэр бүл дотор хамгийн хөдөлгөөнтэй нь би. Тийм болохоор би ээжээсээ нэлээн банга хүртсэн. Энэ нь ч миний хүмүүжилд сайнаар нөлөөлсөн байх.
-Та хэнээс юу сурсан бэ?
-Хамтран ажилладаг хүн болгон миний багш. Өөрөөр хэлбэл, хамт олноосоо л их юм сурсан. Манай ажлын ах нар бидэнд зааж сургаж ирсэн. Тэдний ажил хийж байгааг хараад юм сурах тохиолдол их байсан. Хэлж ярих, биеэр үлгэрлээд хийх хоёр өөр л дөө. Надад хүний хийж байгааг хараад сурчихдаг бяцхан авьяас байдаг юм шиг билээ. Техник сэтгэлгээ, дур сонирхолдоо хөтлөгдөөд сурч мэдэхийн төлөө хичээхээр юмыг хараад сурчихдаг. Баг зүүгээд хэрхэн яаж гагнахыг нь хараад авчих жишээтэй. Үүний хүчинд өөрийнхөө хэмжээнд гагнуур хийчихдэг болсон. Шинэ ажилтан, дадлагын оюутнуудад зүсэлтийн талаар заавар зөвлөгөө өгч л байдаг юм.
-Энэ завшааныг ашиглаад хэнд юу гэж хэлмээр байна. Таны амьдралд тус хүргэж явсан хүмүүс бий юу?
-Байлгүй яах вэ. Бүх юм харилцан хамааралтай. Хүн ганцаараа оршин тогтноод нэг их хол явахгүй. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэж Монголчууд ярьдаг. Ямар ч хүн хэн нэгнээс тус дэм авч хөдөлмөрлөж амжилтад хүрдэг. Миний нагац ах Ус хангамжийн цехэд инженер Ж.Маньдаахай гэж байлаа. Бэр эгчийг маань зүрх судасны Цэцгээ эмч гэхээр Эрдэнэтийнхэн мэднэ дээ. Энэ хүмүүсийн ач буянаар би Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болсон. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн гурван сарын курсыг тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр төгссөн. Дараа нь оосорлогч, гагнуурчин, зүсэгчийн хос мэргэжил эзэмшсэн. Дээр нэр дурдсан ээжийнхээ том ах, бэр эгч хоёртоо баярлаж явдаг. Манай цехийн болон хэсгийн дарга, механик, мастерууд биднийг их дэмжиж ажилладаг. Энэ завшааныг ашиглаад энэ хүмүүст баярлалаа гэж хэлэх байна.
-Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.















