Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын удирдлага, хамт олон Техникийн ухааны анхны доктороо өнөөдөр угтаж, хүндэтгэл үзүүллээ. Тус станцын Цахилгаан техникийн хэсгийн Дулааны нарийн хэмжүүр, автоматикийн ахлах мастер Даваахүүгийн Амармөрөн нь ОХУ-ын Москва хотын Эрчим хүчний их сургуульд Эрчим хүчний систем ба цогцолборууд мэргэжлээр дөрвөн жил суралцан, “Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын хаягдал усыг дахин боловсруулах нь” сэдвээр Техникийн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалжээ.
Тэрээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрээ гурван өөр өнцгөөс судалсан байна. Бакалаврын үедээ конусан бутлуурын автоматжуулалтаар судалгаа хийж байсан бол магистрын түвшинд, өргөх станцуудын автоматжуулалтыг сайжруулах нь сэдвээр судалгаа хийжээ. Харин аспирантурт өөрийн цехийн тулгамдсан асуудалд шийдэл хайх судалгаа хийснээр ийнхүү Техникийн ухааны докторын зэрэг хүртэв.
Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ шинэхэн доктортоо баяр хүргэж, “Судалгааны ажлаа зогсоолгүй цаашид хөгжүүлж, хамт олондоо өгөөжтэй, Эрдэнэт үйлдвэртээ хэрэгтэй эрдэмтэн байгаарай” хэмээн ерөөл өргөлөө.
Доктор Д.Амармөрөн аспирантурт суралцах хугацаандаа эрдэм шинжилгээний 18 өгүүлэл бичиж, олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлжээ. Ийнхүү тэрээр Эрдэнэт үйлдвэрийн 43 дахь доктор болж, цехийнхээ түүхэнд шинэ хуудас нээлээ.
Станцынхан анхны Доктороо угтаж, хүндэтгэл үзүүллээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0















