“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн түүхт 50 жилийн ойн баярын хүрээнд нано материалын судалгааны “Start up Lab” шинэ лабораторийн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү Лаборатори ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрт нэмүү өртөг шингэсэн өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа, туршилт хэмжилтийн ажил хийх боломж бүрджээ. Мөн нано технологийн багш нар оюутнуудынхаа мэдлэг чадварыг хөгжүүлэх, зэсийн нано нунтаг гарган авах лабораторийн ажил хийгдэх аж. Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Монгол Улсын их сургуулийн Нано төвтэй хамтран эхний тоног төхөөрөмжүүд болох хэмжил зүйн атомын хүчний микроскоп, нано бүтээцийн багажууд суурилуулсан байна.
“Манай сургуулийн багш, оюутнуудад лабораторид ажиллах шаардлага маш их байдаг. Зүгээр нэг химийн томьёог самбар дээр бодохоос илүү лабораторид туршилт хийгээд багажууд дээр ажилласнаар химийн сайн инженерүүд төрнө. Ирээдүйн аж үйлдвэрүүдийг хөгжүүлэх химийн сайн инженерүүдийг бэлтгэх материаллаг бааз суурь тавигдлаа” хэмээн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Заяабаатар онцлов.
Харин Монгол Улсын их сургуулийн багш, Нано төвийн захирал, доктор Ч.Ганзориг: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай, МУИС-ийн дэргэдэх Нано төв 2000 оноос хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд химийн аргаар зэсийн нунтаг гаргаж авах судалгааны “Start up Lab” нэртэй дундын лаборатори байгуулж, ашиглалтад оруулсандаа баяртай байна. Цаашид энэ лаборатори маань Нано төв болон өргөжих боломжтой. Ингэснээр аж ахуйн байгууллагууд, үйлдвэрлэл, технологийн паркийнхан, хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн их, дээд сургуулиудын залуучуудад нээлттэй үйл ажиллагаа явуулна. Ер нь их сургууль, хүний нөөц, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа нь тулгын гурван чулуу байдаг. Тиймээс их сургуулиуд бол хүний нөөц бэлтгэн гаргасан чадварлаг оюуны өмчийг хувийн хэвшил, аж үйлдвэрийн салбар бүтээгдэхүүн гаргахад ашиглаж, бидний амьдралд сайн сайхан бүхнийг авчирдаг. “Start up Lab” лаборатори нано материалууд гаргана. Эрдэнэтийн технологийн сургуулийн багш, оюутан залуучууд, судлаачдын ажлын үр дүн эндээс харагдана” гэв.




















