Соёл, урлагийн цогцолборын хүүхдийн дугуйлангууд сүүлийн жилүүдэд амжилт арвин байна. Тэр хэрээр эрэлт нэмэгдэж буй энэ цаг дор тус цогцолборын Соёл, чөлөөт цагийн секторын арга зүйч Б.Хишигжаргалтай уулзаж, 2025-2026 оны хичээлийн жилийн онцлог, давуу талыг тодрууллаа.
- Юуны өмнө танд, Соёлын ажилтны өдрийн мэнд хүргэе! Энэ хичээлийн жилд хүүхдийн ямар дугуйлангууд хичээллэж байна вэ?
-Баярлалаа. Энэ хичээлийн жилд манайх морин хуур, төгөлдөр хуур, дуу, уран зураг, ардын бүжиг, сонгодог бүжиг, бүжгийн спорт зэрэг 13 төрлийн дугуйланг 21 багш удирдан, 400 гаруй хүүхэд суралцаж байна. Онцлог нь багш нарын тоог нэмэгдүүлсэн. Ингэснээр суралцагчдын тоо өсөж, урлагийн боловсрол олгох хүрээ өргөжиж байна. Өмнө нь 16 багштай байсан бол энэ жил 21 болж нэмэгдлээ.
-Шинээр ямар дугуйлан нээгдсэн бэ?
- Бага насныханд зориулсан үкюлэлэ хөгжмийн, уран уншлагын, хөтлөгчийн дугуйлан шинээр нээсэн. Мөн сонгодог бүжгийн ангийг өргөтгөж, бүжгийн спортын төрлийг нэмлээ. Ингэснээр төгөлдөр хуурын найман багш, бүжгийн дугуйлангийн гурван багш зургаан анги хичээллүүлж, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж байна.
- Багш нарыг ямар шалгуураар сонгодог вэ?
- Манай 21 багшийн 12 нь гаднын, ес нь үндсэн буюу “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид байна. Багшид тавих шаардлага өндөр. Мэргэжлийн боловсрол, туршлага, ур чадвар, ёс зүй, хүүхдэд хандах хандлага гээд олон шалгуураар сонгон шалгаруулдаг. Ер нь багш болох сонирхолтой хүмүүс олон бий.
-Он гарсаар дугуйлангийн сурагчид амжилт арвин байх шиг байна. Томоохноос нь дурдвал..?
- 2024-2025 оны хичээлийн жилд манай дугуйлангуудын амжилт огцом өссөн. Тухайлбал, төгөлдөр хуурын дугуйлангийн хүүхдүүд маань олон улсын уралдаанд олноороо оролцож, амжилт үзүүллээ. Багш нарын маань ур чадвар жилээс жилд сайжирч байна. Эцэг эхийн дэмжлэг ч бас идэвхтэй сайн байгаа. Улсын болон олон улсын уралдаанд цахимаар оролцдог байсан бол одоо өөрсдөө биеэр очиж оролцдог болсон. Зуны сургалтын хугацаанд Хонконг хотноо зохион байгуулагдсан И.Брамсын нэрэмжит Олон улсын “Хөгжмийн уралдаан-2025” уралдааны төгсгөлийн шат болох Ази тивийн хөгжмийн наадамд төгөлдөр хуурын дугуйлангийн Х.Хуланцэцэг багш, хүүхдүүдтэйгээ оролцон, дэлхийн шилдгүүдтэй ур чадвараа сорин өрсөлдөж гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн. Ер нь манай багш нар хүүхдүүдийн ур чадварыг богино хугацаанд, маш сайн хөгжүүлдэг. Улсын болон олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцох боломж өндөр байдаг. Гэвч уралдаанд явах боломж нь эцэг эхээс бас шалтгаалдаг. Мөн “Miss Mongolia” холбооноос өнгөрсөн долдугаар сард зохион байгуулсан “Монголын мисс-21” уралдаанд манай загвар, гоо зүйн дугуйлангийн төгсөгч Ц.Баярчимэг маань тэргүүн байрт шалгарч, “Алтан-Эрдэнэ” өргөмжлөл хүртсэн. Ирэх 12-р сард Монгол Улсаа төлөөлж, Японд болох “Mисс интернэйшнэл” Олон улсын тэмцээнд оролцох эрх авсан. Түүнээс гадна “Өсвөрийн мисс”-ийн тэмцээнд манай хоёр охин бас түрүүлсэн. Удахгүй нэг нь Филиппин, нөгөө нь Тайланд улсад зохиогдох тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор явна. Бүжгийн спортын дугуйлангийн багш МУСТА Т.Тэмүүжин маань өнгөрсөн хавар Эрхүү хотод болсон формэйшн бүжгийн Олон улсын уралдаанд хүүхдүүдээ авч яваад, хамтлагаараа латин бүжгийн төрлийн 1 дүгээр байр, цэнгээнт бүжгийн төрлийн мөн тэргүүн байрын алтан медаль хүртээд ирсэн. Хоёр жилийн өмнөөс уртын дууны дугуйлан хичээллэж эхэлсэн. Анх удаа Улсын уралдаанд орж, тусгай байрын шагнал хүртлээ. МУСТА Л.Энхсайхан багшийн маань хүүхдүүд ОХУ-ын Дунайскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын уралдаанд оролцоод, эстрад, куартит, вакальт, мэргэжлийн дууны төрлүүдэд 1, 2, 3 дугаар байр эзэлсэн бахдам сайхан амжилт үзүүлсэн. Мөн Хүрэлбаатар багштай ардын бүжгийн, И.Ариунсайхан багштай сонгодог бүжгийн дугуйлангийн хүүхдүүд Азийн хүүхдийн фестивальд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулаад ирлээ. Ийм сайхан амжилтуудтай хичээлийн шинэ жилийг эхлүүлж байна даа.
- Амжилт үзүүлсэн хүүхдүүдээ хэрхэн урамшуулдаг вэ?
- Орхон аймгийн хэмжээнд шагнах журам бий. Манай цогцолборын хувьд “Оны онцлох хүүхэд”, “Онцлох багш”, “Шилдэг багш”-аар тодруулан өргөмжилж, Монголын хүүхдийн ордны болон Сурагчийн холбооны медалиуд, төрийн одон медальд тодорхойлж, шагнаж урамшуулдаг.
- Сүүлийн жилүүдэд ямар дугуйлан илүү эрэлттэй байгаа вэ?
- Төгөлдөр хуурын дугуйлан хамгийн эрэлттэй байгаа. Зарим багшийн анги бүртгэл эхлэхээсээ өмнө дүүрч, хүүхдүүд нөөцөд хүртэл бүртгүүлдэг.
- Танай дугуйлангийн сургалт бусдаас ямар онцлогтой вэ?
- Манайхыг зорьж ирдэг нэгдүгээр шалтгаан нь мэргэжлийн, тав тухтай орчин бүрдсэн. Хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай. Хоёрдугаарт, ур чадвартай багш нартай. Манай багш нар хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэхийн төлөө үнэхээр хичээл зүтгэлтэй, чин сэтгэлээсээ ажиллаж байна. Бүр мэргэжлийн түвшинд хүргэж байгааг олон уралдаан тэмцээний шүүгч нарын амнаас сонсож, урам авдаг. Гурав дахь нь сургалтад тавих хяналт. Хүүхдүүдийн өсөлтийг эцэг эхчүүдэд харуулж, санал гомдлыг нь авч, түүндээ дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт, судалгаа хийж ажилладаг. Энэ эргэх холбоо бидний ажлыг сайжруулах том түлхэц болдог гэж хэлж болно.
- Баярлалаа.















