Удирдах ажилтны даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн цаг үеийн ажил, асуудлаар мэдээлэл солилцож, хуралдлаа. Ерөнхий захирлын тушаалын дагуу бүтцийн нэгжийн удирдлага, инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүдээс ХАБЭА-н ерөнхий мэдлэгийн шалгалт авах үйл ажиллагаа энэ сарын 15-ны өдөр үйлдвэрийн хэмжээнд эхлэнэ. Шалгалтад бэлтгэх, дүрэм заавар танилцуулах зорилгоор цахим сургалтыг 9 сарын 8-ны өдрөөс зохион байгуулж, шалгалтын цагийн хуваарь, бусад холбогдох мэдээллийг бүтцийн нэгжүүдэд хүргүүлээд буйг ХАБЭА-н хэлтсээс онцлов. Инженер техникийн ажилтнуудын ХАБЭА-н мэдлэгийн түвшин, шалгалтад авах үнэлгээ нь тухайн ажил үүргийг гүйцэтгэх эрхийн шалгуур үзүүлэлт болдог тул гурван жил тутамд авдаг уг шалгалтад өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцохыг Ерөнхий инженер анхаарууллаа.
Энэ сарын эхний долоо хоногийн байдлаар үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, уулын цэо гаргалт, хүдэр боловсруулалт гэх зэрэг үндсэн үзүүлэлтүүд дунджаар 100-100.3 хувийн биелж байна. Мөн зэсийн баяжмал ачилтын төлөвлөгөө биелсэн дүнтэй гарчээ. Ил уурхайнхан өнгөрсөн долоо хоногт 14.6 га талбайд хөрс хуулалт гүйцэтгэсэн бөгөөд Тэсрэх бодисын үйлдвэрийн ойр орчим дахь зэрлэг өвс ургамлыг хадах, овоолгуудын эргэн тойрны далан, хашааг засаж сэлбэх ажлыг энэ долоо хоногт дуусгахаар ажиллаж байна. Цехийн хэмжээнд намар өвлийн бэлтгэл ажил 75 хувиар хангагджээ.
Авто тээврийн цехийн нийт ажилтны 61 хувь нь энэ оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад байгаа бөгөөд үлдсэн ажилтнуудаа бүрэн хамруулах талаар идэвх санаачилгатай ажиллаж буйгаа цехийн удирдлага мэдээлэв. Баяжуулах үйлдвэрийн тухайд, хүдэр бэлтгэлийн 1-р шугамын бүтээн байгуулалт төлөвлөлтийн дагуу явагдаж байна. Газар шорооны ажил дуусаж байгаа бол арматур угсралтын ажлууд үргэлжилж байгааг мэдээлэлдээ онцоллоо. Засвар механикийн заводын үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелж, намар өвлийн бэлтгэл 70 хувьтай байна. Ус хангамжийн цехэд намар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 58 хувийн биелэлттэй байгаа бөгөөд энэ сард үлдсэн ажлууд хийгдэж дуусна.
Оюутын ордын хайгуул өрөмдлөгийн ажил дууссан тул өрмийн техникүүдийг татаж, Ил уурхайн захиалгат ашиглалтын хайгуулыг эхлүүлэхээр төлөвлөж буйг Геологи хайгуулын экспедицээс мэдээлэв. Тус ордын хайгуулын 6900 дээж лабораторит хүргэхээс одоогоор 6161 ширхэг дээж шинжилгээнд өгч, 5212 дээжийн хариуг аваад байна. Эдгээрийг ордын нөөцийн тооцоололд ашиглах юм.
Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор батлагдсан “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, зохион байгуулалт”ын улсын үзлэгийн комисс Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 444 тоот тушаалд тусгагдсаны дагуу Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбатаар ахлуулан байгуулагдаж, анхны хурлаа хийсэн байна. Хурлаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд улсын үзлэгээс өгөх дүгнэлт, заавар аргачлалын дагуу 2019-2025 онд хийсэн ажлын товч тайлан ирүүлэхийг бүтцийн цех нэгжүүдэд даалгасан байна. Тайлангаа заасан хугацаанд ирүүлж, хамтран ажиллахыг улсын үзлэгийн ажлын хэсгийн зүгээс нийт удирдлагуудад уриаллаа.
Шуурхайн төгсгөлд Ерөнхий инженер үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой үүрэг чиглэл өгч, бүтцийн цех нэгж бүр хариуцсан ажлаа төлөвлөгөөний дагуу үр ашигтай, идэвх санаачилгатай хийж гүйцэтгэхийг анхаарууллаа. Түүнчлэн үйлдвэрийн хэмжээнд хийж буй техник технологийн шинэчлэлүүд өндөр үр дүнтэй болж, хийсэн ажлаа төр засгийн удирдлагын түвшинд танилцуулсан нь бидэнд том боломж нээж буйг онцолж, хамтран ажилласан нийт удирдлага, хамт олонд талархаж байна гэв.















