⚒ Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид "Оюут" зэсийн ордыг ашиглалтад бэлтгэх үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Монгол Улсын Засгийн газраас 2022 онд Орхон, Булган аймгийн нутагт ашигт малтмал хайх эрхийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т олгож, 2023 оноос Оюутын ордын нарийвчилсан хайгуулыг эхэлсэн. Энэхүү ордын нарийвчилсан хайгуулын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгээд байгаа юм. Уг ордын хайгуулын урьдчилсан үр дүнгээр 0.32 хувийн зэсийн агуулгатай 357.0 сая.тн хүдрийн нөөцтэйг тогтоогоод байна.
⚒ Анх 1972 онд Эрдэнэтийн-Овоо ордын нөөц 521.7 сая.тн хүдэр байна гэж тогтоогдож, 34 жил ажиллахаар төлөвлөж байсан. Шинээр нээж байгаа Оюут ордыг энэ жишигтэй харьцуулахад даруй 30 жил ашиглах нөөц юм.
⚒ Тус ордод түшиглэн, жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг шинээр бүтээн байгуулснаар бүтээгдэхүүнийг нэмэлтээр үйлдвэрлэж, өнөөгийн хүрсэн түвшнийг бууруулалгүйгээр хадгалах нөхцөл бүрдлээ. Цаашид хүдрийн нөөцийг өсгөж, Эрдэнэт үйлдвэрийг олон жил тогтвортой ажиллуулснаар улс, орон нутгийн төсөв, татварт бүрдүүлэх орлогыг хадгалж, үйлдвэр дагасан Эрдэнэт хотын өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагыг хангаж, хөгжлийн шинэ шатанд гаргахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
⚒ Энэ үеэр, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ: “Орчин үеийн технологийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед зэс стратегийн чухал ашигт малтмал метал болсон. Цахилгаан машин үйлдвэрлэлийн ийм үед зэс технологийн түүхий эдэд тооцогдож байгаа. Иймээс зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байна. Зэсийн орд газруудын агуулга буурч тэр хэмжээгээр олборлолт багасаж, дэлхийн зах зээл дээр зэс эрэлттэй байна. Энэ үед Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндонгийн санаачилгаар орд газрын нарийвчилсан судалгаа хийгдэж амжилтад хүрлээ. Ингэснээр 357,0 сая.тн хүдрийн нөөцтэй шинэ орд газрыг нээж илрүүллээ. "Эрдэнэтийн-Овоо"-той дүйцэхүйц орд газрыг нээлээ. Өнөөдөр зэсийн үйлдвэрлэл өөр түвшинд гарсан. Өмнө нь 21 мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийгээд орхисон бол энэ ажлыг үргэлжлүүлэн, нарийвчилсан хайгуул хийж Оюутын ордын нөөцийг тогтоогоод байна.
⚒ Үүнтэй холбогдуулан бид Зэс хайлуулах үйлдвэрийг ойрын хугацаанд барьж байгуулах тендерийг зарлана. Ер нь Зэс хайлуулах үйлдвэр манай улсын хөгжлийн гүүр болно. Зэс хайлуулах үйлдвэр барихад нөөц чухал шаардлагатай. Тэгэхээр Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах газрын зэргэлдээ Оюутын орд илэрч байна. Эрдэнэтийн уурхай, Оюут хоёрын дунд Зэс хайлуулах үйлдвэр барих ажлыг Эдийн засгийн хөгжлийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам дээр хянагдаад, Засгийн газрын дараагийн хуралдаанаар авч хэлэлцэнэ. Ирэх жилээс Зэс хайлуулах үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ. Энэ нь манай улсын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна. Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулснаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний орлого 2-3 дахин нэмэгдэх юм” хэмээн онцлов.
Эрдэнэт үйлдвэр олон жилээр ашиглах “Оюут” зэсийн шинэ орд нээлээ
Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0















