Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдлага болон ажилтнуудад “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим ба Хүний эрх” сэдвээр мэдээлэл хийн, санал солилцлоо. Уулзалтын эхэнд тус үйлдвэрийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудтай уулзалт хийх хүсэлтийг хүлээж авсан ХЭҮК-ын дарга Д.Сүнжидэд талархал илэрхийлээд, үйлдвэрийн хэмжээнд ажил хөдөлмөр эрхлэлттэй холбоотой гомдол санал, тэдгээрийг шийдвэрлэх тухай ХЭҮК-оос ирүүлсэн үүрэг даалгавар, зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж буйг онцлов.
Эрдэнэт үйлдвэр олон ажилтантай, бүтцийн хувьд олон нэгж бүрэлдэхүүнтэй учраас хөдөлмөрийн харилцаа нь өргөн, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлууд ч нэлээд үүсдэг. Харин тэдгээр асуудлуудыг хэрхэн, ямар зарчмаар шийдвэрлэж болох арга зам, гарц гаргалгаагаа тогтмол ярилцаж, зөвлөлдөж байх нь зөв шийдэл юм. Энэ удаа ч ийм асуудлуудаа ярилцана гэдгийг ХЭҮК-ын дарга дурьдсан. Тэрээр, Хөдөлмөрийн харилцаанд баримтлах хүний эрхийн суурь зарчим ба үндсэн эрхийн талаарх илтгэлдээ хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, ажлын байран дахь дарамтыг хориглох тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Олон ажилтантай томоохон үйлдвэрийн газруудад ажлын байрны ялгаварлан гадуурхалт, дарамттай холбоотой гомдол, санал хүсэлт зонхилох хандлагатай байдаг. Иймд удирдлага болон ажилтнууд аль нь ч энэ талаар өргөн мэдлэг, мэдээлэлтэй байж, урьдчилан сэргийлэх арга замыг хэрэгжүүлэх нь үр дүнтэй юм. 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулинд зөвхөн аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх зарчмыг бэхжүүлж өгсөн бол 2021 оны шинэчлэн найруулсан хуулинд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтыг хориглоно гэж тусгай зүйл заалт болгон тусгасан. Ингэснээр ажлын байрны дарамт болон хууль ёсны ажлын шаардлага гэсэн агуулга ойлголтыг ялгах хэрэгцээ үүссэн. Мөн ажлын байрны дарамт гарахгүй байх, шийдвэрлэх боломж ч бүрдэж байна гэх зэрэг олон чиглэлээр мэдээлэл өглөө.
Түүнчлэн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой гомдол саналаа ажилтан хүн хаана, хэнд гаргах, ажилтны гомдлын нууцлалыг хэрхэн хамгаалах зэрэг олон чухал асуудал бий. Үүнд тухайн байгууллага, удирдах ажилтан хуулийн хүрээнд хариуцлагатай байж, ажилтны итгэлийг олж авахад онцгой анхаарах нь хөдөлмөрлөх эрхлэлттэй холбоотой гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх гол арга зам гэдгийг онцлов. Эрдэнэт үйлдвэрийн тухайд, хөдөлмөрийн харилцааны гомдол, санал хүсэлтийг хүлээж авах тусгай утас ажиллуулж, нууцлалыг хадгалж хамгаалах талаар санаачилгатай ажиллаж байгааг сайшаан, илүү үр дүнтэй, хүний эрхийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллахыг хүслээ.















