Орхон аймгийн авто замын шинэчлэлийн ажилд Эрдэнэт үйлдвэрээс гаргаж буй 50 тэрбум төгрөгийн санхүүжилт үр бүтээлтэй зарцуулагдаж байгааг аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр хамтын ажиллагааны гэрээ үзэглэх үеэр онцлов.
Өнөөдрийн байдлаар, аймгийн нийт замын 70 гаруй хувь нь бүрэн шинэчлэгдсэн бол үлдэж буй 30 орчим хувийн өргөтгөл, шинэчлэлийг 2025 онд багтаан дуусгах аж. Авто замын өргөтгөл шинэчлэл аймгийн төвийн 31 байршилд нийт 65 тэрбум төгрөгийн төсвөөр хийгдэж байгаа юм. Үүний 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 15 тэрбум төгрөгийг орон нутгийн өмчийн сангаас тус тус гаргажээ.
Орхон аймгийн авто замын өргөтгөл шинэчлэлд зориулан 50 тэрбум төгрөгийн санхүүжилтыг Эрдэнэт үйлдвэрт хариуцуулахаар 2023 онд тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрдэнэт хотын иргэдтэй уулзах үеэр шийдвэрлэж байв. Энэ шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн оруулж буй хөрөнгө оруулалт нь Орхон аймагт тулгамдаж байгаа авто замын засвар шинэчлэлд бодит хувь нэмэр болж байна.
















