“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтэс энэ оноос хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд судлаачдын уулзалтыг өнөөдөр Төрөлжсөн архивын байранд зохион байгууллаа.
Сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдвэрийн 16 ажилтан хүний нөөцийн менежментийн чиглэлээр магистрын зэрэг, нэг мэргэжилтэн докторын зэрэг хамгаалсан байна. Энэ талаар тус хэлтсийн дарга, менежментийн ухааны доктор (Ph.D.) О.Отгонбаяр “Хүний нөөцийн менежментийн үйл ажиллагааг илүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр удирдан зохион байгуулах ур чадварт тасралтгүй суралцаж байгаа нь олзуурхууштай. Бид мэргэжилтнүүдээ судалгааны ажил хийхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” хэмээн онцлов.
Өнөөдрийн уулзалтын үеэр хүний нөөцийн менежментийн чиглэлээр докторантад суралцаж буй долоон мэргэжилтэн судалгааны ажлынхаа сэдвийг танилцуулж, туршлагаа хуваалцлаа. “Хиймэл оюун ухааныг хүний нөөцийн менежментэд ашиглах нь”, “Байгууллагын бахархах хандлагад нөлөөлөх гол хүчин зүйл”, “Ажлын уян хатан системийг Эрдэнэт үйлдвэрт нэвтрүүлэх боломж” зэрэг судалгааны сонирхолтой бүтээлүүд нь цаашдын үйл ажиллагаанд бодит үр өгөөж авчирна гэдэгт итгэл төгс байгаагаа хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлсэн юм.
Мөн судалгааны ажлаа хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын процесстой хэрхэн уялдуулах, дата цуглуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, судалгааны үр дүнг байгууллагын бодлого, хөдөлмөрийн зах зээлд хэрхэн ашиглах боломжийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнөв.
Энэхүү уулзалтад Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн чиглэлээр ажилладаггүй ч хүний нөөцийн менежментийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан 11 ажилтан урилгаар оролцож, өөрийн туршлага, судалгааны ажлынхаа талаар хуваалцсан нь онцлог байлаа.
Ийнхүү хүний нөөцийн хөгжсөн мэргэжилтнүүд нь үйл ажиллагааг илүү ахисан түвшинд гаргахад чухал нөлөөтэй болохыг энэхүү уулзалт харуулсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтэс ажилтнуудаа судлаачийн түвшинд бэлтгэхэд онцгойлон анхаарч буйг нотоллоо.















