Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй уул уурхайн салбарын албаны хүмүүс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус томилолтын баг бүрэлдэхүүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Эрдэс баялгийн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн, Геологи, цөмийн энергийн хэлтсийн дарга Х.Санчигдорж, Бодлого, төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр, Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Ган-Очир, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Зэс металлын группийн зохицуулагч С.Батхуяг нарын салбар яам болон уул уурхайн албаны төлөөлөгчид багтсан байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Эрдэнэт үйлдвэрт ажиллах томилолтоо тус үйлдвэрийн удирдлага, хамт олны төлөөлөлтэй хийх уулзалтаар эхэлж, уул уурхайн салбарын бодлого хөтөлбөр, авч хэрэгжүүлж буй ажил болон Эрдэнэт үйлдвэрийн талаар баримтлах бодлого чиглэл, байр сууриа тодорхой танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Баатар үйлдвэрийн ажилтнууд, мэргэжил нэгт нөхөдтэйгөө уулзаж, ярилцахаар зорьж ирснээ онцолж, шинэ Засгийн газраас бодлого хөтөлбөрөө танилцуулж буй цаг үед уул уурхайн салбарын тэргүүлэгч, нийгмийн бүхий л хөрөнгө оруулалтын суурийг нуруундаа үүрч явдаг Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонтой уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийллээ.
Уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, цаашдын зорилтын тухай илтгэл тавилаа. Эдүгээ 47 дахь жилдээ ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц томоохон бүтээн байгуулалтуудаа үргэлжлүүлэн, нийгэм, эдийн засгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Өнгөрсөн онд тус үйлдвэр, хөрс хуулалт, хүдэр олборлолт, боловсруулалт зэрэг үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөг түүхэн дээд үзүүлэлттэйгээр биелүүлсэн нь энэ бүхний баталгаа гэдгийг Ерөнхий захирал Г.Ёндон илтгэлдээ онцлов.
Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хүдрийн нөөцийг өсгөх, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, улсын төсөв бүрдүүлэлтийг алдагдуулахгүйгээр техик, технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх, нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл, бүтээн байгуулалтууд амжилттай хийгдэж байна. Тухайлбал, энэ оны эхний хагас жилд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн Хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийн шинэчлэлийг ашиглалтад өгөхөд бэлэн болгосон бол хүдэр бэлтгэлийн 1 дүгээр шугамын шинэтгэл, өргөтгөлийн ажлыг эхлүүлээд байна. Уул уурхайн салбарын бодлогын хүрээнд Эрдэнэт үйлдвэр боловсруулалт, борлуулалт, хуваарилалт зэрэг чиглэлд онцгой анхаарснаар тодорхой үр дүнд хүрч буйг мэдээлэлдээ тодотголоо.
Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил геологи хайгуулын нөөцөө 3.4 тэрбум тоннд хүргэж, батлуулсан. Энэ нь 55 жил үр ашигтай ажиллах нөөцтэй гэсэн үг. Ийм хугацаанд олборлолт хийж, цаашид нэмэгдүүлэх зорилго тавин ажиллана. Боловсруулалтын тухайд, жилд 40 сая тонн хүдэр боловсруулж, цаашид катодын зэс, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр 2025 онд, 60 мянган тонн зэсийн баяжмал биржээр арилжаалахаар төлөвлөж, өнөөдрийн байдлаар, 5 удаагийн арилжааг амжилттай хийж, 25 мянган тонныг борлуулаад байна. Оны эхний хагас жилд хүдэр олборлолт, боловсруулалтын төлөвлөгөө давж, орлогын төлөвлөгөөг 109 хувиар биелүүллээ. Эрдэнэт үйлдвэр, өнгөрсөн онд 273 тэрбум төгрөгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлсэн зэрэг мэдээллийг Ерөнхий захирал Г.Ёндон энэ үеэр өглөө. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй, амжилттай үргэлжлэхийн зэрэгцээ түүнийг дагаад сорилт, бэрхшээл багагүй байгааг салбарын сайдад танилцуулж, эдгээрийг цаашид хэрхэн шийдвэрлэж ажиллах талаар зорилт, төлөвлөгөөгөө мөн дурдлаа.
Уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Эрдэнэт үйлдвэрт хийж буй энэ удаагийн ажлын айлчлалын хүрээнд тус үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк, Зэс хайлуулах үйлдвэрийн төслийн бүтээн байгуулалт болон овоолго ашиглалтын асуудлуудтай газар дээр нь танилцаж, төр засгийн бодлого шийдвэрт салбарын яамны байр суурийг илэрхийлнэ гэдгээ хэлсэн. Түүнчлэн, уул уурхайн төрийн өмчит томоохон үйлдвэрүүд салбарын яамтайгаа нягт байж, санал бодлоо солилцож ажиллах нь чухал гэдгийг онцолж, цаашид бодлого шийдвэрээ уялдуулан, дэмжиж, хамтран ажиллана гэсэн юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд, айлчлалын баг бүрэлдэхүүний хамт уулзалтын дараа Ил уурхай, Үйлдвэрлэл, технологийн парк, "Эрдмин" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцлоо.















