Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Орхон аймгийн Автотээврийн салбарын 50 жилийн ойг Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн хамт олон, эрдэнэсийн тээвэрчид тэмдэглэлээ. Одоогоос 47 жилийн өмнө уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн бүтээн байгуулалтын голлох хэсэг болон байгуулагдаж байсан Авто тээврийн цех нь эдүгээ тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн тулгуур дөрвөн нэгжийн нэг болон өргөжин хөгжиж байна. Үйл ажиллагааны цар хүрээ, техник, технологийн дэвшил зэргээрээ уул уурхай, авто тээврийн салбарын тэргүүлэх байгууллагуудын нэг болон улс орны нийгэм, эдийн засгийн том хүч болжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал” алдарт аялгуугаар эхэлсэн Эрдэнэсийн тээвэрчдийн баярт Авто тээврийн цехийн үе үеийн уурхайчид, ахмадууд болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хүрэлцэн ирж, оролцов. Наадмын үйл ажиллагааг Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндорж нээж, хамт олныхоо амжилт бүтээлээс онцлон тэмдэглэсэн бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Орхон аймгийн Авто тээврийн газрын дарга С.Гарьдпүрэв нар Автотээврийн салбарын түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ хүргэлээ.
Нээлтийн эхэнд тус цехээс төрөн гарсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, белазын жолооч Д.Жигмэдцэрэн одоогоос 20 гаруй жилийн өмнө дуулж байсан “Эрдэнэсийн тээвэрчин” дуугаа хамт олондоо зориулан дуулж, зууны манлай үйлдвэрийн хүч тэнхээт техникийн эздэдээ мэндчилсэн.
Авто тээврийн цехийн бэлгэдэл, хүндэтгэлийн туг далбааг тус цехийн үе үеийн алдартан гавьяатнууд баяр наадмын хоймор мандуулж, цехийн бүтцийн нэгж, хэсгийнхэн өөр өөрсдийн сүлд туг, хаягаа барин жагслаа. Мөн эрин зууны бахархал Эрдэнэт үйлдвэрийн эд эс болсон Авто тээврийн цехийнхээ тэртээ 1978 онд асааж байсан галын дөлийг эгнэгт мандаж байхын ерөөлөөр гал бадраах ёслол үйлдсэн нь энэ ойн баярын нэгэн онцлог байв.
Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Орхон аймгийн Автотээврийн салбарын 50 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн ажилтнуудад Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Зам тээврийн яам болон салбарын шагнал гардуулсан. “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн засварчин А.Лхагвасүрэн, засварчин, дугуй угсрагч А.Эрдэнэбат, засварчин Б.Эрдэнэбулган, Төрөл бүрийн маркийн автомашины засварын хэсгийн засварчин М.Нямбаяр, Механикийн товчооны засварчин Д.Баянмөнх, Уулын технологийн хэсгийн Хүнд даацын машины жолооч Б.Түвшинтөгс, Э.Ганбаатар, Ц.Цэдэннамжил, Зорчигч тээврийн хэсгийн Автобусны жолооч О.Одхүү нарыг шагнасан бол Ашиглалтын товчооны Диспетчер Т.Нямдулам, Л.Батжаргал нар “Авто тээврийн тэргүүний ажилтан” боллоо. Түүнчлэн, “Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр Тусгай зориулалттай автомашины хэсгийн жолооч Д.Энхболд, Бульдозерын машинч Б.Даваажаргал нарын дөрвөн ажилтан, "Эрчим хүчний тэргүүний ажилтан" шагналаар Эрчим зүйн товчооны мастер Ч.Галбадрах нарын гурван ажилтан шагнуулж, шагналаа гардаж авлаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яамны Жуух бичиг, Тээврийн цагдаагийн албаны “Осолгүй манлай жолооч”, Орхон аймгийн Хүндэт тэмдэг, МЭХ-ны Хүндэт тэмдэг зэрэг шагналаар 10 ажилтан шагнууллаа.
Эрдэнэсийн тээвэрчид, Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг өргөн тэмдэглэлээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0















