Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны 2025 оны “Шилдэг төсөл” болох “Гэрэлт эмэгтэй” хөтөлбөр хоёр сарын турш амжилттай хэрэгжиж, үр дүнгээ хэлэлцлээ. “Гэрэлт эмэгтэй”-чүүдийн өглөөний сургалт, уулзалт өнгөрсөн амралтын өдөр “Ногоон төгөл” амралтын газар болов. Оролцогчид ургах нарыг угтан иог, бясалгал хийж, өнгөрсөн хугацаанд суралцсан сэдвүүдээ бататган, асуулт хариултын хөгжилтэй тэмцээн зохион байгуулан, эрүүл хооллолтоор зоог барилаа. Энэ үеэр ирц, оролцоо, мэдлэгийн түвшин зэрэг шалгаруулалтаар хөтөлбөрийн шилдэг оролцогчдыг тодруулж, шагнасан юм.
ХАБЭА-н хэлтэс болон “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамтран хэрэгжүүлсэн уг хөтөлбөрт есөн бүтцийн нэгжийн өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, бодисын солилцоо болон сэтгэлзүйн дэмжлэг шаардлагатай 15 эмэгтэй ажилтан хамрагдсан бөгөөд Шилдэг оролцогчоор Хуулийн хэлтсийн хуульч П.Эрдэнэбилэг, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Рентген шинжилгээний лаборант Б.Батцэцэг, Ус хангамжийн цехийн Бактериологи шинжилгээний лаборант Т.Гантуяа нар шалгарлаа.
Хөтөлбөр эмэгтэйчүүдийн биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг цогцоор нь дэмжих, дотоод сэтгэлээ танин мэдэх, сэтгэл хөдлөл болон зан үйлээ хянах чадамжийг дээшлүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах үндсэн зорилгоо бүрэн хангасан, гэж оролцогчид дүгнэн ярилцаж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.




“Гэрэлт эмэгтэй” хөтөлбөрийн шилдгүүд тодорлоо
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















