Эрчим хүчний чиглэлээр үйлдвэрийн хэмжээнд хийгдэж буй ажлын талаар Эрчим хүчний хэлтсийн дарга-Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболдоос тодрууллаа.
-Энэ онд нэлээд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн. Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Уг ажлыг өмнөх оны найман сард эхлүүлсэн. 2025 оны наймдугаар сард энэ ажил дуусах ёстой. Одоогоор ажил төлөвлөгөөний дагуу 60 хувьтай явж байна. Үйлдвэрийн бүтцийн бүх нэгжүүдээс эрчим хүчний өндөр хэрэглээтэй 13 бүтцийн нэгжийг хамрах хүрээнд оруулсан. Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлын хүрээнд дотоод аудитор, сургагч багш нарыг бэлтгэж байна. Уг стандартыг энэ онд нэвтрүүлээд зогсохгүй, цаашид стандартын дагуу сайжруулалт хийх, эрчим хүчний үр ашигтай ажиллах, хэмнэлт гаргах зорилттой юм. Мөн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд цахилгаан хангамжийн дэд бүтцийн ажил байгаа. Өнгөрсөн онд зураг төслийн ажил нь хийгдэж батлагдсан. Энэ ажлыг үйлдвэрийн газрын Зураг төслийн хүрээлэн, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнтэй хамтарч хийсэн. Одоо сонгон шалгаруулалтын ажил явагдаж байна. Дотроо гурван багцтай ажил. Хоёрдугаар багц буюу Эрдэнэт дэд станцын өргөтгөлийн ажлын гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулсан. Бэлтгэл ажлыг гүйцэтгэгч компани хангаад явж байна. Үйлдвэрийн газрын зүгээс Эрчим хүчний яаманд ажил эхлүүлэх зөвшөөрлөө авахаар хүсэлт гаргасан, ирэх 7 хоногоос шийдвэрлэгдэнэ гэж бодож байна. Ирэх сарын нэгнээс талбайн ажил хийгдээд явна. Нөгөө хоёр багц дээр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын ажил хийгдэж байна. Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцүүдийн ажлыг 2025 онд дуусгах тухай Засгийн газрын тогтоол гарсан учраас бүх багцуудын гүйцэтгэгч компани шалгарчихвал нэлээн шахуу ажиллах төлөвлөгөөтэй.
-Өөр цахилгаан хангамжийн чиглэлээр дэд бүтцийн ажил хийх үү?
-ЦРП-1 дэд станцыг шинээр барьж байгуулна. Энэ нь хаягдал өтгөрүүлэх технологийг цахилгаан эрчим хүчээр хангах дэд станц юм. Уг ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авахаар ЭХЯ-нд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Ирэх долоо хоногоос зөвшөөрөл нь шийдэгдэнэ гэж бодож байна. ЦРП-1 дэд станц барьж байгуулах ажлыг энэ онд дуусгахаар төлөвлөсөн. Гүйцэтгэгч компани бэлтгэл ажилдаа ороод тоног төхөөрөмжийнхөө захиалгыг хийгээд явж байна. Мөн Ил уурхайд Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил байгаа. Үүний цахилгаан хангамжийн ажлыг манай хэлтэс удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана. Энд 6/04 кВ-ын гурван дэд станц байгуулах ёстой. Өнгөрсөн онд 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татах ажил хийж бэлтгэл хангасан.
-Танай хэлтэс ус, дулаан хангамжийн асуудлыг мөн хариуцан ажилладаг. Энэ хүрээнд ямар ажил хийгдэх вэ?
-Ус хангамжийн ажлын хүрээнд Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл хийгдэнэ. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Орхон аймгийн ЗДТГ энэ байгууламжийг барих ажлын захиалагчаар ажиллаж байгаа. Энэ ажил санхүүгийн болон бусад шалтгааны улмаас нэлээн удааширсан. Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг бүрэн дуусгаж, байнгын ашиглалтад оруулах талаар 2024 онд Барилга, хот байгуулалтын яам /хуучнаар/, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр холбогдох санхүүжилтийг 2025 оныхоо хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан. Уг ажлыг дуусгах талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Орхон аймгийн ЗДТГ-т хандаад явж байна. Урьдчилан тусгасан санхүүжилтээс тодорхой хувийг нь Орхон аймгийн ЗДТГ дараа нь буцаан төлөхөөр санамж бичигт тусгагдсан. Үүнийг Орхон аймагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд шийдвэрлүүлэхээр санал оруулаад ажиллаж байна. Дараагийн нэг томоохон ажил бол цэвэр усны төв магистрал шугамыг шинэчлэх ажил юм. 2022 онд цэвэр ус дамжуулах 3-р шугамыг бид ашиглалтад оруулсан. Энэ шугам ашиглалтад ороод гурван жил хэвийн ажиллалаа. Тиймээс насжилт өндөртэй нөгөө хоёр шугамыг шинэчлэх, аль эсвэл доторлох ажлыг ирэх жилүүдэд хийнэ. Одоогоор ТЭЗҮ-ийг хийлгэж байна, хоёрдугаар улиралд дуусна. Үүний дараа энэ жил зураг төслийнхөө ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. ТЭЗҮ гаргасны дараа тухайн шугамыг орчин үеийн шинэ технологийн дагуу доторлох уу, аль эсвэл шинэ шугам тавих уу гэдгийг шийднэ. Энэ асуудлыг Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Дулаан хангамжийн ажлын хүрээнд ДЦС дээр их болон урсгал засварын ажлууд хийгдээд явж байна. 2025 онд гуравдугаар зуух, зургадугаар трубины их засварын ажлууд хийгдэнэ. Манай үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын зуухнууд анх ашиглалтад орсон үеийн хуучин технологиороо ажиллаж байгаа. Энэ зуухнуудын шаталтын технологийг шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна. Ингэснээр эдийн засгийн үр ашигтай, дэвшилтэт технологитой болгох үндсэн ажлыг ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан зураг төслийн ажил хийгдэнэ. Улмаар зуухнуудыг шат дараатай шинэчлээд явна. Сүүлийн үеийн нам температурт эрчимжсэн буцах давхаргад түлш шатаах технологийг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ технологи нэвтэрснээр эдийн засгийн болон хөдөлмөр зарцуулалтын хувьд өндөр үр ашигтай. Үүнээс гадна нэг уурхайгаас хамааралтай ажилладаг байдал арилна. Өөрөөр хэлбэл, Шарын голын нүүрсний шинж чанарт тулгуурлан манай ДЦС-ын зуухнууд нь баригдсан учраас одоогоор зөвхөн Шарын голын нүүрсийг ашиглаж байна. Зуухны шаталтын технологийг шинэчилснээр дан ганц Шарын голын нүүрс бус Багануур, Шивээ-Овоо зэрэг уурхайн илчлэг багатай нүүрс ашиглах боломж бүрдэнэ.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.