Удирдах ажилтнуудын даваа гаргийн шуурхай зөвлөгөөн үйлдвэрлэлийн төлөвлөгөө, технологийн материалын хангамж, нөөц болон бусад цаг үеийн ажлын биелэлтийг онцоллоо.
ХАБЭА-н хэлтсээс өнгөрсөн долоо хоногт Аж ахуй, үйлчилгээний цех болон Төрөлжсөн архивын ажлын байранд 4-р шатны хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдал, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлын шалгуурт нийцээгүй зарим доголдлыг илрүүлэн, заавар дүрэм өгч, холбогдох удирдлага мэргэжилтэнд анхааруулга шаардлага хүргүүлжээ. Сүүлийн үед тус хэлтсээс ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээнд гэнэтийн байдлаар хяналт шалгалт зохион байгуулж байна. Үүнд 20 гаруй цех, нэгжийн ажилтнууд хамрагдсан бөгөөд ажлын байранд ихэвчлэн дуулга малгай, нүдний шил, чих хамгаалах хэрэгсэл, амны хаалт зэргийг дутуу хэрэглэх, ашиглахгүй байх зэрэг зөрчлүүд голчилж байгаа аж. Тиймээс ажилтнуудад хөдөлмөрийн хамгаалах хэрэгслийн ач холбогдлыг сурталчлан таниулах, ойлгуулах сургалтуудыг зохион байгуулж буйг ХАБЭА-н хэлтсээс мэдээллээ.
Орхон аймгийн ЗДТГ-аас 2025 онд “Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн үзлэг”-ийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан байна. Үзлэг зохион байгуулах бэлтгэл хангаж байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс танилцуулав. Мөн “Аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах” тусгай зөвшөөрөлтэй Түмэн ишиг компанид 6.7 тонн хаягдал шуудай шилжүүлэн өгчээ. Хаврын хуурай салхины улиралтай холбоотойгоор цагаан тоосны дэгдэлт ихэсдэг энэ цаг үед одоо ашиглаж буй цагаан тоос дарах арга барилыг өөрчлөх, шинэ үр дүнтэй технологи нэвтрүүлэх, эрж хайх зэргээр ажиллах шаардлагатайг Ерөнхий захирал онцолсон. Тухайлбал, одоо хэрэглэж буй полимер урвалж нь тухайн үедээ тоосны дэгдэлтийг дарж байгаа ч цаашдын үр өгөөж хангалттай сайн биш байгаа тул олон улсын сайн туршлага, тухайлбал Герман улсын технологи нэвтрүүлэн туршиж үзэх гэх мэтчилэн цагаан тоосны дэгдэлтийг бууруулахад дорвитой алхам хийхийг үүрэг болгосон юм.
Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэл 3 дугаар сарын 23-ны байдлаар бүх үзүүлэлтээр биелж байна. Уулын цул гаргалт 121 мянган метр куб, хөрс хуулалт 129 мянган метр куб, хүдэр олборлолт 96 мянган тонн, хүдэр боловсруулалт 53 мянган тонноор төлөвлөснөөс тус тус илүү гүйцэтгэлтэй гарчээ. Хүдэр дэх зэсийн агуулга 0.381, молибденын агуулга 0.016 хувьтай байна. Энэ хугацаанд 22.41 хувийн агуулга, 8794 тонн цэвэр зэс агуулсан 39255 тонн зэсийн баяжмал, 148 тонн молибденын баяжмал тус тус үйлдвэрлэж, 630 вагон зэсийн баяжмал экспортод ачуулаад байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээлэв. Хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөөг боловсруулан бэлтгэж байгааг мөн дурдлаа.
Оны эхнээс өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрт төр засаг болон дээд удирдах шатны байгууллагуудаас ирүүлсэн 16 тогтоол шийдвэрийн хэрэгжилт 51 хувьтай байна. Эдгээрээс 6 нь бүрэн биелж, 10 нь үргэлжлэн хэрэгжиж буйг Хүний нөөц, захиргааны хэлтсээс мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрт эрдэс баялгийн салбарын ахмадын төлөөлөл зочилж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Өнөөгийн байдал, Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэг, Засвар, механикийн заводоор орж үзэхдээ өнөөдөр энд ажиллаж буй Монгол инженерүүд сайн ажиллаж, Эрдэнэт үйлдвэрээ амжилттай ажиллуулж, авч яваад өндөр сэтгэгдэлтэй, бахархалтай буйгаа тэд энэ үеэр илэрхийлснийг Ерөнхий захирал шуурхайн үеэр уламжилж, инженерүүд хамт олондоо амжилт хүсэв.
Энэ сарын 28-нд буюу ирэх баасан гарагт Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрт шинээр ажилд орсон ажилтнуудтай уулзана. Шинэ ажилтнуудтай хийх уулзалтыг улирал тутамд зохион байгуулахаар төлөвлөж буйгаа онцолсон. Анхны уулзалтаар шинэ залуу ажилтнуудад үйлдвэрийнхээ “Өнөө ба ирээдүй”-н талаар Ерөнхий захирал танилцуулах бол Хүний нөөцийн бодлого, хөгжлийн хөтөлбөрүүд, үр өгөөж, залуу ажилтны хөгжих боломж, ажил амьдралын замнал зэрэг сэдвээр холбогдох хэлтэс, цехийн удирдлага мэдээлэл өгч, ярилцах юм байна. Түүнчлэн, Монгол инженерүүдийн чадвар чансаа, инженер мэргэжлийг сонгохын учир зэргээр санал бодлоо солилцох бөгөөд уулзалтад газар хэлтэс, цех нэгжийн удирдлагууд оролцож, өөрсдийн туршлага, замнал, сэтгэгдлээ хуваалцахыг уриаллаа.
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0