Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Эрдэнэт” сувиллын цогцолборын урилгаар, уурхайчдад мөрийтэй тоглоомын донтолтын эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар цуврал сургалт хийж буй Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн зөвлөх эмч, клиникийн профессор К.Еленатай уулзаж, нийгэмд тулгамдсан асуудлаар ярилцлаа.
-Сургалтад хамрагдаж буй ажилчдын сэтгэл ханамж хэр байгаа анзаарагдав?
-Эхний үед зарим ажилчид би мөрийтэй тоглоом тоглодоггүй байтал яагаад ийм сургалтад суулгав гэсэн маягтай гайхаж, дургүйцсэн дүр байдал үзүүлж байсан. Сүүлдээ сургалтын зорилго, агуулгыг ойлгоод, хэдийгээр өөрөө тоглодоггүй ч эргэн тойрны танил, найз нөхөд, гэр бүлийнхэндээ энэ талын мэдээллийг түгээж, эерэг нөлөөллийг бий болгож болох юм байна гэдэг үүднээс хандаж, сургалтад идэвхтэй оролцож байна.
-Мөрийтэй тоглоомд донтсоноос хүнд байдалд орсон хүмүүс тантай тусгайлан уулзаж зөвлөгөө авч байна уу?
-Эмчилгээнд явахаар хэмжээний хоёр хүн тусгайлан уулзаж, зөвлөгөө авсан. Мөн сэтгэл зүйн асуудалтай хүмүүс ч уулзаж байна.
-Ер нь тоглоомын донтолт гэж чухам юу вэ?
-Бүх донтолт ижил үндэс суурьтай. Архаг явцтай, нэг өдрийн дотор үүсдэггүй. Хор хөнөөл ихтэй, нарийн төвөгтэй. Хүмүүсийн урамшууллын системийн өвдөлтөөр генийн албадлагын зан үйлд хүргэдэг эмгэг. Өөрөөр хэлбэл, уураг тархинд нэг хэмжээтэй байх ёстой эдийг хэт ихээр ялгаруулснаас тэр байдалдаа дасаж, бэхжүүлэлт хийгддэг. Дахин дахин их хэмжээгээр ялгаруулсан эдийг нөхөх албадлагын мөчлөг уураг тархинд бий болно гэсэн үг.
-Анагаах ухааны талаас тайлбарлавал ийм байж. Тэгвэл донтолт хэрхэн үүсдэгийг энгийн үгээр хэлбэл?
-Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч ээ, гэж хэлмээр байна. Өвдөлтөд битгий өртөөч. Донтолтын эмгэг маш хэцүү. Нэг л мэдэхэд хамааралтай болчихсон, хэзээний эрхшээлд нь орчихсон байдаг нь аймшигтай. Эцсийн мөчид та өөрийнхөө эзэн биш, таныг тэр эмгэг удирдана шүү гэдгийг л дахин дахин хэлмээр байна. Нэг тоглочихвол эргээд тэр систем чинь чамаар тоглодог болно. Эндээс донтолт үүснэ гэсэн үг.
-Хохирогч нь зөвхөн донтогч өөрөө байдаггүй нь харамсалтай..?
-Тийм шүү. Бүх дон хэцүү. Тэр дундаа мөрийтэй тоглоомын дон эдийн засгийн том хохиролд оруулдаг. Тэр утгаараа гэр бүлээрээ хохирол амсдаг. Жишээ нь, байраа тавьж тоглоод алдчихсанаас болоод түрээсийн байр дамжиж яваа гэр бүл байна. Ажил, сургуулиа алддаг учраас буцаад тэр хохирлоо нөхөх эх үүсвэргүй болж байгаа нь эмгэнэлтэй.
-Зөвхөн эдийн засгаар гэр бүлээ хохироогоод зогсохгүй хүчирхийлэл, сэтгэл гутрал, дарамт гээд олон таагүй байдал үүсдэг болов уу?
-Мэдээж. Бүх донтолтыг дагаад хавсарсан эмгэгүүд бий болно. Сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр, айдас, стресс тайлах чадваргүй байдал нэмэгдэнэ. Тийм учраас бид эмчилгээ хийхдээ хүртэл хавсарсан эмгэгийг давхар эмчлэх хэрэгтэй болдог.
-Донтолтоос урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Бүр хүүхэд байхаас нь анхаарал хандуулах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүддээ илүү анхаарал тавих, хаана, юу хийж явааг нь анзаарах, хамт цагийг өнгөрөөх, итгэлтэй байдлыг нь бий болгох хэрэгтэй. Зарим аав, ээжүүд мөнгө олж байгаагаа болж байна гэж бодох хандлагатай байгаа нь алдаа. Үүний цаана хүүхэд юугаар “амьсгалж”, юунд донтож байгааг мэддэггүй. Цахим ертөнц гэдэг хязгааргүй. Юунд ч автаж мэдэх нээлттэй орон зай гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон улсад мансууруулах бодист донтсон хүмүүст зөвлөгөө өгөх “Colombo” нэртэй хөтөлбөр хэрэгждэг. Хэдийгээр мансууруулах бодист донтсон хүмүүст зөвлөгөө өгөх нэртэй боловч дотроо бүх төрлийн донтолтоос урьдчилан сэргийлэх ажил агуулагддаг. Энэ хөтөлбөрт зөвлөснөөр, хамгийн сайн анхаарах үе нь хүүхдийн 0-5 нас гэж үздэг. Ирээдүйд хэн болох, ямар зан үйл, сэтгэл хөдлөлтэй байх төлөвшил тогтдог хамгийн чухал нас. Үүнийг 10 нас хүртэл сунгаж болно. Өөрөөр хэлбэл, өөрчлөлт хийж болно гэсэн үг. Донтолтын хор хөнөөлийг таниулахад эцэг эх болох уу, үгүй юу гэдэг асуудал хүртэл яригдана. Лабораторийн эмнэл зүйн талаас илрүүлэх янз бүрийн аргууд бий. MRI шинжилгээнд уураг тархины ямар хэсэг өндөр идэвхжилтэй байна. Донтох эмгэгийн эстэй таарч байна уу. Таарч байвал донтолт үүсэх өндөр эрсдэлтэй гэж үзнэ.
-Донтолт генийн түвшинд нөлөөлнө гэж хэлэх гээд байна уу?
-Би их хэцүү ажил хийдэг. Донтолттой хүмүүс хос болчхоод, зөвлөгөө авахаар ирдэг. Би тэднээс “Хүүхэд төрүүлэх үү?” гэж асуудаг. “Магадгүй” гэвэл эрсдэлийг нь хэлдэг. Генийн өөрчлөлт орж уу, үгүй юу гэдгээ гадагшаа явж шинжлүүлээрэй гэж.
-Мөрийтэй тоглоомын эрх зүйн орчныг бий болгоод, хязгаарлагдмал хүрээнд хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг хүмүүс бас байдаг. Таны бодлоор ямар “жор”, зохицуулалт энд хэрэгтэй вэ?
-Хууль зүйн зохицуулалт хэрэгтэй. Гэхдээ хуулийг биелүүлэх нь чухал. Тамхины тухай хууль байгаа хэр нь, тэрийг биелүүлж байгаа газар цөөхөн шүү дээ. Сургуулийн ойролцоо, 300 метрийн зай дотор тамхи зарахгүй гэсэн заалт амьдрал дээр биелэгддэггүй. Ил, далд худалдаа явагдсаар байдаг. Аливаа зүйлийг хорьж цагдахаар сонирхол улам татдаг. Ил тоглодог байсан бол нууц хэлбэрт шилжинэ. Тэгэхээр тоглоомын ертөнц рүү нэвтрэхэд улам хэцүү болно шүү дээ. Миний бодлоор хүнийг хүүхэд байхаас нь зөв төлөвшүүлэх л чухал. Болохгүй зүйлд үгүй гэж хэлж чаддаг, өөрийн гэсэн тууштай, хүчтэй бодол санаатай болгон төлөвшүүлэх хэрэгтэй. Сул дорой хүмүүс нөлөөнд автах, донтолтод өртөх нь элбэг байдаг.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.