Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс нь ажилтан бүрийг аюулгүй, эрүүл ажлын байранд, аюул эрсдэлгүй, сэтгэл хангалуун, өндөр бүтээмжтэй ажиллуулах зорилгын дор “Нэн түрүүнд ХЭМАБ” бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. 2025 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны талаар тус хэлтсийн дарга Д.Мөнхболдтой ярилцлаа.
-ХАБ бол “хүнээ тойрсон” асуудал учраас маш өргөн сэдэв, бодлого чиглэл нь ч том цар хүрээтэй. Тиймээс тодорхой асуулт тавья. Шинэ он гараад эхний улирал дуусах дөхөж байна. ХАБЭА-н хэлтэс оны эхнээс ямар зорилт, төлөвлөгөө хэрэгжүүлж байна вэ?
-Бидний зорилт, өөрөөр хэлбэл хийх ажил маш тодорхой, ойлгомжтой гэж юуны түрүүнд хэлмээр байна. Өнгөрсөн оны ажлаа дүгнэхдээ 2025 оны зорилтоо тодорхойлсон. Энэ хүрээнд таван чиглэлээр ажиллаж байна. Нэгдүгээрт, Зөв тогтолцоог бий болгох. Аливаа байгууллагын үйл ажиллагааны тогтолцоо зөв байх ёстой. Тэр утгаараа, ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны MNS ISO 45001:2018 стандартын өөрчлөлтийн менежмент, сайжруулалт зэрэг зарим шаардлагуудын үйл явцыг сайжруулах ажлыг хийж байна. Эрүүл ажилтан зорилтын хүрээнд эрсдэлт бүлгийн 700 ажилтныг эрүүл зан үйлд төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлсийн 24 үйлчлэлийг бууруулж, 250 ажилтныг хортой, аюултай нөлөөний өртөлтөөс сэргийлнэ. Өнгөрсөн долоо хоногт энэ дагуу сарын зөвлөгөөнийг зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн өндөр эрсдэлтэй ажлын байранд ажиллаж буй ажилтны эрүүл мэндийн эрсдэлийг бууруулж, хамгаалах талаар “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт медикал” эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулсан. Хамгийн чухал асуудал бол эрүүл мэндийн үзлэгийн багцыг өөрчилж, уул уурхайн ажилчдын эрүүл мэндийн үзлэгийн онцлогт чиглүүлэх шаардлагатай гэж үзсэн. Уул уурхайн эрүүл мэндийн үзлэг бол уурхайн хүнд нөхцөл буюу тоос шороо, доргион чичиргээтэй ажлын байранд ажилчдын эрүүл мэнд хэрхэн эрсдэлд орж буйг нарийн тодорхойлж, оношилдог. Үүнийг судалж, хэрэгжүүлж ажиллах хамтын шийдвэр гаргалаа.
Дараагийн нэг зорилт бол Аюулгүй техник, технологи нэвтрүүлэхэд чиглэгдэж байна. Тухайлбал, бүтцийн нэгжүүдэд 11 төрлийн тоног төхөөрөмж шинэчлэх, 5 төрлийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хоруу чанар багатай 3 төрлийн химийн бодисыг нэвтрүүлэх, технологийн хяналтад ашиглаж буй цацрагийн таван үүсгүүрийг чөлөөлж, цөмийн бус технологи нэвтрүүлж, цацрагийн эрсдэлийг бууруулах зэрэг ажлыг төлөвлөн хийж байна. Нэг жишээ хэлэхэд, таван жилийн өмнө үйлдвэрт цацрагийн үүсгүүр 58 байсан бол одоо энэ тоо 190 гаруй болсон. Тиймээс энэ онд эдгээрээс 5 үүсгүүр цөөрүүлэх бодлого баримталж байгаа юм. Мөн химийн өндөр хортой бодис хэрэглэхээс татгалзъя уриа дэвшүүлж, энэ онд хоруу чанар багатай 3 бодис ашиглаж эхлэхээр ажиллаж байна.
Манлайлал-Оролцоог дээшлүүлэх зорилт бас дэвшүүлсэн. Энэ хүрээнд дээд шатны 20, дунд шатны 50, анхан шатны 150 удирдах ажилтны ХЭМАБ-ын манлайлах чадамжийг дээшлүүлэх сургалтууд зохион байгуулна. Ер нь удирдах ажилтны манлайллаас ХАБ-ын соёл их шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, ажилтнууд удирдлагуудаасаа үлгэр дуурайлал авах нь нийтлэг зүйл. Удирдах ажилтны манлайлал гэхээр заавал туг бариад өмнө нь явах биш зөв дадал, үг үйлдэл, харилцаа хандлагаараа сайн нөлөө үзүүлж байх ёстой. Тиймээс удирдах ажилтны манлайллыг тасралтгүй дээшлүүлж, хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
Манай хэлтсээс хэрэгжүүлж буй зорилтын тав дахь нь Аюулгүй ажиллагчдын эгнээг тэлж, олон болгох. Энэ оны хувьд нийт 1200 ажилтанд аюулгүй ажиллах 5А дадлыг хэвшүүлэхийг зорьж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр энэхүү аюулгүй ажиллагааны 5А дадал эзэмших ёстой. Өнгөрсөн жил бид 1000 ажилтныг энэ дадалд хэвшүүлэх аян өрнүүлж, үр дүнтэй ажилласан. 5А дадалд сургах ажил өдөр тутам, тасралтгүй үргэлжлээд хийгдэж байгаа. Ийм зорилтууд дэвшүүлэн, хэрэгжүүлж байна.
-Аюулгүй ажиллагчид хэдий чинээ олон байна төдий чинээ ажлын байран дахь аюул эрсдэл бага болно гэсэн үг. Харин энэ ажлыг ямар хэлбэрээр зохион байгуулж байна вэ? Ер нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах бодлого, арга барил байнга шинэчлэгдэж байх шаардлагатай. Учир нь та бүгдийн ажил бол ерөөсөө л “хүнтэй ажиллах” шүү дээ?
-Товч бөгөөд тодорхой хэлэхэд, үйлдвэрлэлийн осол гарах гол үндсэн шалтгаан бол ажилтан хувийн хамгаалах хэрэгслээ дутуу хэрэглэсэн, эс хэрэглэсэн, анхаарал болгоомжоо сулруулсан зэрэг 5А дадлаа мөрдөж, хэвшүүлээгүйтэй холбоотой байдаг. Бид ажилтнуудаа хувийн хамгаалах хэрэгслээ өдөр тутам бүрэн бүтэн өмсөх, хэрэглэхийг шаардаж, анхааруулдаг. Тэгэхээр нэг талаас ажилтнууд, нөгөө талаас үйлдвэрийн захиргаа, ХАБЭА-н хэлтэс гээд аль аль нь дүрэм заавраа мөрдөж ажиллахыг хичээх ёстой. Энэ бол манай хэлтсийн эрхэм зорилт. Бид өнгөрсөн оны үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, энэ онд аюулгүй ажиллагааны үйл явцын сайжруулалтыг шинэлэг арга хэлбэрээр хийхээр зорьж байна. Манайд Мониторингийн алба ажилладаг. Сүүлийн жилүүдэд цехүүд дээр мониторинг инженер гэж ажиллах болсон. Мониторинг гэдэг бол хяналт шалгалт биш, ажиглалт хийх. Гэтэл энэ ажил маань зөвхөн шалгаад, талон тасалж, хариуцлага л тооцдог мэт ойлгогдохоор болчихсон байсан.
Тиймээс бид Мониторингийн журмаа шинэчилж байна. Үүнийг дагаад мониторинг хийх арга барил өөрчлөгдөнө. Мониторингийн инженер ажлын байранд ажилчидтай мэндлэх, ажлын багаж хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслээ бүрэн өмссөн эсэх, ажилдаа бэлэн болсон зэргийг асууж, ярилцаад зөвлөмж заавар өгч, хамтран ажилладаг байхаар журамд өөрчлөлт оруулсан. Ингэж журамласнаар мониторингийн инженер “ажилчидтайгаа уулз, ярилц, зөвлө, анхаарал тавь” гэсэн ажлын арга хэлбэр нь тодорхой болж байгаа. Мөн ажилчидтай уулзахдаа ажиглалтын хуудас бөглөж, түүгээрээ ажлын үр дүнгээ тооцдог болох юм. Ингээд удаа дараа уулзаж ярилцаад, зөвлөөд байхад аюулгүй байдлаа хангаж ажиллахгүй бол тухайн ажилтантай ХАБЭА-н инженер болон харьяа хэсгийн дарга, мастерыг байлцуулан ярилцлага хийнэ. Мэдээж, энэ ярилцлага ч шийтгэл оногдуулахгүй. Энэ нь ажилтнуудаа шалгаад, талон таслаад, арга хэмжээ авах биш ахин дахин ойлгуулж, сургаж, хүн бүртэй тулж ажиллах арга барил руу шилжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ХАБЭА-н хэлтэс шалгаж, айлгаж, шийтгэхийг урьтал болгохгүйгээр, ажилтнуудаа ажиглаж, анхаарал тавих, зөвлөн ярилцах замаар аюулгүй ажиллагааг хэвшүүлэхийг зорьж ажиллаж байгаа юм. Шийтгэхдээ биш, зөв дадал хэвшилтэй болгохыг нэн түрүүнд чухалчлах ёстой.
-“Десант ажиллагаа” нэртэй хяналт шалгалт хийж байгаа. Энэ ямар зорилготой вэ?
-ХАБЭА болон мониторингийн ажилтнууд сард нэг удаа бүгд хамтраад, аль нэг цехийн ажлын байранд өргөн бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт хийдэг. Үүнийгээ “Десант ажиллагаа” гээд нэрлэчихсэн юм. Шалгалт хийхдээ очих цех, нэгжээ урьдчилан товлодоггүй, өглөө шууд сонгоод очдог. Шалгалтын дараа ХАБЭА-н 5А дадал болон хувийн хамгаалах хэрэгслээ дутуу өмссөн гэх мэтчилэн зөрчилтэй байсан ажилтнуудыг бүгдийг цуглуулаад, тухайн цехийн сургалтын танхимд хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар дүрмийг яагаад баримтлах ёстой вэ сэдвээр хоёр цагийн хичээлд хамруулдаг. Энэ бол ямар нэг арга хэмжээ, шийтгэл хүлээлгэх биш ажилтнуудаа урьдчилан хамгаалах чиглэлээр хийж буй үйл ажиллагаа юм.
-Хувийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцасны хүрэлцээ, нөөц болон ажилчдын халуун хоол, хор саармагжуулах бүтээгдэхүүний хангалт гээд олон асуудлууд танай хэлтсийн чиг үүрэгт багтдаг. Энэ асуудлууд хэвийн шийдвэрлэгдэж байна уу?
-Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн олголт хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байна. 2022-2023 онд ажлын хувцасны нөөц бүрдүүлэлт хийсэн нь үүнд нөлөөлсөн гэж хэлж болно. Хор саармагжуулах бүтээгдэхүүнийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Оюутны байрны дэргэд түгээдэг болсон нь олон талын ачааллыг багасгах оновчтой шийдэл болсон. Түүнчлэн, ажилчдадаа олгодог хор саармагжуулах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмж, сүү тараг болон жимс ногооны шүүс олгож байгаа.
-Ойрын үед ямар ажил төлөвлөж байна вэ?
-Манай ХАБЭА-н инженерүүд баг болон хуваагдаад, дараагийн ажлуудаа төлөвлөж байна. Мөн оны эхний улирлын “Аюулгүй ажиллагч”-даа тодруулж, урамшуулна. Мэдээж, зорилт төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа хуваарийн дагуу хийнэ.