Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэлийн ажлууд шат дараатай өрнөсөөр байна. Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын II секцийг шинэчлэх ажил 2025 оны нэгдүгээр сарын 27-ноос эхэлсэн. Тасралтгүй 18 жил ажилласан хам баяжуулалтын II секцийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүд элэгдэж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүссэн нь шинэчлэл хийх үндэслэл болжээ. Буулгалтын ажил хоёрдугаар сарын 26-нд дуусаж, “Очир төв” ХХК барилгын ажлыг эхлүүлээд байна.
Уг секцэд тавигдах тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэгдээд ирсэн бөгөөд АНУ-ын “FLS” компанийн “Wemco” брэндийн 160 м3-ын багтаамж бүхий бүрэн автомат машинаар тоноглогдох юм. Хам баяжуулалтын III секцтэй ижил, бүрэн автомат, ухаалаг систем бүхий цогц секц баригдана.
Хам баяжуулалтын II, III секцэд өмнө нь нийт 98 флотмашин ажиллаж, 12 сая тонн хүдэр баяжуулдаг байсан бол энэхүү өргөтгөл шинэчлэлийг хийснээр ийм хэмжээний хүдрийг 24 флотмашинаар баяжуулах боломж бүрдэх юм. Өндөр бүтээмжтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай машинуудыг ажилд оруулснаар өртөг зардал багагүй хэмжээгээр буурна, гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ярилаа.
Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын II секцийг ирэх наймдугаар сарын эхээр залгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хам баяжуулалтын II секцийн шинэчлэлийн барилгын ажил эхэллээ


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0