Орхон аймгийн зүүн гурван замын уулзвараас Хялганат хүртэлх авто замыг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан. Энэхүү нийт 64 километр автозамыг Булган аймгийн Орон нутгийн өмчид өнөөдөр хүлээлгэж өглөө. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санаачлан, хөрөнгө оруулсан Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлд авто зам тавих гурван багц бүхий уг төслийн Эрдэнэт хотын тойрог уулзвараас Хангалын гүүр хүртэлх 30 км замыг “Замын битум” компани, Хялганат тосгоны гүүр хүртэлх 23,6 км авто замын ажлыг “Хурдны зам” компани тус тус гүйцэтгэжээ. Харин “Жавхлан харгуй” компани “Сэлэнгэ” амралтын бааз чиглэлд тавьсан технологийн 10,4 км авто замын ажлыг хариуцан хийсэн байна. Эдгээр компаниуд 2026 он хүртэл уг замд баталгаажуулалт гарган өгсөн аж. Түүнчлэн, шинэ зам нь бетон суурьтай, асфальт хучилттай учраас маш сайн чанарын авто зам болохыг мэргэжилтнүүд онцлов.
Булган аймгийн Засаг даргын орлогч О.УНДРАХ: “Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан авто замыг Булган аймгийн Орон нутгийн өмчид хүлээлгэн өглөө. Булган аймгийн Засаг даргын орлогч, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Орон нутгийн өмчийн дарга, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Санхүү төрийн сангийн хэлтсийн төлөөлөл, Хангал сумын удирдлагууд энэхүү авто замыг хүлээн авсан түүхэн үйл явдал болж байна. Иймээс манай аймгийн Төр захиргааны байгууллагууд, Хангал, Хялганат сумын нийт иргэд, Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ, Цагаан нуур сумынхны аж амьдралд тус дэмтэй ажил болохоор бид нэлээн ач холбогдол өгч байгаа. Өөрөөр хэлбэл авто зам тавигдсан нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэсэн ажил болсонд баяртай байна. Анх Булган аймгийн Хангал сумын Хороо нэртэй байгуулагдаж асан Эрдэнэт хот, үйлдвэр маань өнөөдөр улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж явна. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үе үеийн сумын засаг дарга нарын мөрөөдөл болсон Хангал, Хялганат чиглэлийн авто замыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаа нь тус үйлдвэрийн үр шимийг нутгийн иргэд хүртэж байна гэсэн үг” хэмээн онцлов.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн Тэргүүлэх инженер Д.БАЯРМАА: Анх Эрдэнэт-Хялганатын авто замыг хатуу хучилттай зам болгох ажлын даалгаврын дагуу “Ар Си Эс Си” компанитай зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж ажилласан. 2021 онд шинэчилсэн төсөв батлуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар авто зам тавих ажил эхэлсэн. Зохиогчийн хяналтыг “Ар Си Эс Си” компани гүйцэтгэсэн. “Хурдны зам”, “Замын битум” ,“Жавхлан харгуй” компаниуд гүйцэтгэгчээр шалгарч нэг жилийн хугацаанд уг ажлыг амжилттай хийж ашиглалтад оруулсан. Өнөөдөр зам арчилгаа, ашиглалтыг нь хариуцуулахаар Булган аймагт хүлээлгэн өгөөд байна. Энэ замаар сум, сумын олон иргэд зорчдог. Үр тариа, хүнсний ногоо тээвэрлэдэг. Эрдэнэт үйлдвэрийн тухайд технологийн замын зориулалтаар ашигладаг. Эрдэнэт үйлдвэрийн зуны зуслангийн ажил эхлэхээр жил бүр энэ замыг засварлаж хүүхдүүдээ авдаг. Тэгвэл энэ оноос Авто тээврийн цехийн хийх урсгал засварын ажлыг хөнгөвчилж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн зуслан дээрээ л урсгал засварын ажил хийнэ. Хялганатын гүүрнээс 3,3 км зам “Сэлэнгэ” амралтын чиглэлд явж байгаа. 7,7 км зам нэгдүгээр подъемын чиглэлд явж байгаа. Манай подъемын ажилчид өдөрт хоёр удаа энэ замаар зорчдог. Шинэ авто зам тавьснаар машин техникийн эвдрэл, ажиллагсдын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ. Үүнд их баяртай байна. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг ард иргэд хүртэж байгаагийн нэг жишээ шинэ авто замтай болсон явдал юм. Цаашид улсын чанартай энэ авто замыг Булган аймаг хариуцан ашиглаад явна. Энэ замаар ард иргэд аюулгүй зорчиход хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлыг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр хийсэнд манай ажилчид их сэтгэл өндөр байна.