Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний эхэнд Эрдэнэт үйлдвэрийн Засаглал, ил тод байдал хариуцсан менежерээр томилогдож буй Мөнхбаатарын Жаргалсайханыг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэл болон бусад холбогдох тогтоол шийдвэрийн дагуу тус үйлдвэрт засаглал, ил тод байдлыг хариуцан ажиллах М.Жаргалсайхан нь нийгэм судлалын эрх зүйч, хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. “Монголын төмөр зам” ХНН, “Оргил зууч” ХХК, ШУТИС, АШУИС, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам зэрэг газарт Гүйцэтгэх захирал, хууль зүйн багш, хуульч, хэлтсийн дарга зэрэг албыг хашиж иржээ.
Сарын эхний 16 хоногийн байдлаар, уулын цул гаргалт 98 мянган метр куб, хөрс хуулалт 85 мянган метр куб төлөвлөгөөнөөс илүү гүйцэтгэлтэй байна. Мөн хүдэр олборлолт төлөвлөснөөс 63 мянган тонн, боловсруулалт 18 мянган тонноор тус тус илүү үзүүлэлттэй гарчээ. Хүдэр дэх зэсийн агуулга 0.386, молибденын агуулга 0.150 хувьтай байгаа бол технологийн балансаар зэсийн металл авалт 88.0, молибденын металл авалт 54.6 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Энэ хугацаанд 22.34 хувийн агуулгатай, 6215 тонн цэвэр зэс агуулсан 27800 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 438 вагон зэсийн баяжмал экспортод ачуулаад буйг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ.
Энэ оны “Их зогсолт”-ын бэлтгэл ажил хангаж буйтай холбоотойгоор Механикийн хэлтэс хэд хэдэн асуудлыг мэдээлэлдээ онцоллоо. Тухайлбал, засварын ажилд шаардлагатай том оврын хаалт, хөнгөн цагаан голтой дамжуулагч кабель, холболт, релей тэжээлийн блокийн хэрэгсэл гэх зэрэг эд анги, материалын хангамж нийлүүлэлтийн тендер шалгаруулалтыг цаг алдалгүй зохион байгуулж, явц байдалд нь онцгой анхаарч ажиллахыг Үнэлгээний хороодын ахлагч нарт сануулав. Түүнчлэн, Механикийн хэлтсээс залуу мастеруудад зориулан сургалт зохион байгуулж, үүнд 100 гаруй ажилтан мэргэжилтнүүд механикийн чиглэлээр хамрагдаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 2025 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг энэ долоо хоногт эхэлж байна. Энэ жилийн үзлэгийг сарын өмнө эхлүүлж, өдөрт 50 ажилтан хамруулахаар хуваарь гаргажээ. Ингэснээр оны эцэс рүү хугацаанд баригдахгүй, чанартай, гүйцэтгэл сайтай явагдана гэж Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх танилцуулав. Иймд цех нэгжүүд ажилтнуудаа хуваарийн дагуу цаг хугацаанд нь эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулахад анхаарал тавьж ажиллахыг уриаллаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Экспорт, валютын нөөц нэмэгдүүлэх” ажлын хэсэг байгуулагдаж, үүнд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс төлөөлөл орж ажиллахаар болсон байна. Үүнтэй холбогдуулан үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хуваарилалтыг илүү оновчтой болгох, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж ажиллах чиглэлийг Эрдэнэт үйлдвэрт өгч буй аж. Түүнчлэн, зэсийн үнийн ханш харьцангуй тогтвортой, өсөх хандлагатай байгаа нь валютын нөөцийг нэмэгдүүлэхэд таатай боломж тул Эрдэнэт үйлдвэрийнхэнд ихээхэн найдвар тавьж байна. Энэхүү үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхийн тулд нарийвчилсан, дэс дараатай төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж ажиллах нь үр дүнтэй гэдгийг Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат мэдээлэлдээ онцлон дурдлаа.
Оны эхний улиралд одоогийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелсэн ч цаашид анхаарч ажиллах хэд хэдэн асуудал тулгарч байгааг Ерөнхий инженер Т.Батмөнх шуурхайн төгсгөлд онцлов. Нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжүүдийг жилд нэг удаа засаж сэлбэн, их засвар үйлчилгээ хийдэг “Их зогсолт”-ын ажил энэ удаа сүүлийн хоёр жилтэй харьцуулахад цаг хугацааны хувьд нэг сарын өмнө төлөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл, бэлтгэл хангах хугацаа бага байна. Иймээс бэлтгэл хангах явц байдал, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг өдөр тутам ярилцаж, шуурхай шийдэх, гарц шийдлийн үр дүнг тодорхой мэдээлж ажиллах үүрэг даалгаврыг холбогдох ажлын хэсэг, худалдан авах ажиллагаа, тендерийн үнэлгээний хороодод өглөө.
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0