Сургуулийн хаалгаар ороход л нам гүм, цэвэрхэн орчин угтаж, өөрийн эрхгүй дэг журамтай байх мэдрэмж төрүүлнэ. Хүүхдүүд ангидаа ном уншин, хичээлдээ шамдан суух нь сурагч насыг минь санагдуулна. Биднийг найрсгаар угтсан сургуулийн захирал Степанова Светлана Иннокентьевна ажлын хамтрагчдыг маань өрөөндөө урьж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хичээлийн орчин нөхцөлийн талаар мэдээлэл өгсөн юм.
Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос 19-р сургуулийн захирал Степанова Светлана Иннокентьевна:
“Өнөөдөр манай сургуульд 823 хүүхэд суралцаж байна. 1-5 дугаар ангийн 507 сурагчийг өдөр бүр халуун хоолоор 100 хувь хангадаг. Энэ бүхнийг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж байна. Ахлах ангид 315 хүүхэд суралцаж байгаа бөгөөд тэдний 77 хувь нь өдрийн халуун хоолонд тогтмол хамрагддаг. Мөн үйлдвэрийн зардлаар сургуулийн багш нар болон бусад ажилтнууд ч халуун хоолоор бүрэн хангагддаг” гэж ярив.
Сургуулийн нэг хэсгийг “Нэг ажилтан-Нэг цэцэг” аяны хүрээнд ажилтнууд тохижуулсан нь өнгө үзэмж нэмжээ. Жижиг энэ зүйлээс л сурагчдад үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээж байгаа нь анзаарагдсан. Сургуулийн ажилчид цэмцгэр хувцаслалтаараа хариуцлагатай хандлагыг харуулна. Үйлчлэгч эгч нар өдөр бүр танхимуудыг цэвэрлэж, хүүхдүүдийг эрүүл, тухтай орчинд суралцах нөхцөлийг бүрэн ханган ажиллаж байгаа нь бахархал төрүүлэм. Сонирхолтой нь, сурагчид зөвхөн хичээлдээ төвлөрч, танхимын цэвэрлэгээг ажилчид гүйцэтгэдэг.
Ангиудыг тойрон явах зуур хичээлд суугаа нэгдүгээр ангийн сурагчдын хичээл зүтгэл ихэд сэтгэл татав. Самбарын урд, цэгцтэй хувцасласан багш үсэг бүрийг авиагаар тайлбарлан зааж, сурагчид жижигхэн хуруугаа номын дээгүүр гүйлгэн уншина. Багшийн чин сэтгэлийн заах арга барил, хүүхдүүдийн сурах чин хүслийн нэгдэл сургуулийг цуурайтуулна.
Өвлийн улиралтай зэрэгцэн томуугийн тархалт ихэссэн учир сургуулийн эмч маск тогтмол зүүлгэх, ариун цэврийн нөхцөлийг хянах үүргээ биелүүлж ажиллана. Сурагчдын халуун хэмжих, эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөөс гадна ариутгалын нөөцийг ч хангалттай бэлтгэжээ.
Хоолны цаг эхэлсэн ч эмх замбараагүй байдал огт ажиглагдсангүй. Сурагчид хоёр хоёроороо хөтлөлцөн, нэг эгнээнд жигдэрч хоолны танхим руу явцгаана. Орохын өмнө бүгд гараа угааж, цэвэр алчуураар арчсаны дараа дөрөв дөрвөөр нэг ширээнд эгнэнэ.
Бага ангийн багш Семиглазова Елена Анатольевна:
“Манай сургууль сурагчдын хооллолтод онцгой ач холбогдол өгдөг. Халуун хоолоор хангаж, эрүүл мэнд, оюуны үйл ажиллагаа, санах ойг дэмжихэд анхаардаг. Энэ нь сурагчдын эрч хүчийг нэмэгдүүлж, хичээлдээ төвлөрөхөд чухал үүрэгтэй. Нийгмийн ажилтан, эмч нар хоолны чанарт хяналт тавьж, зохистой хэрэглээг хэвшүүлэхэд анхаарч байна” хэмээн ярьсан юм.
Бидний дараагийн очсон газар спорт заал. Биеийн тамирын хичээлд оролцож буй нэгдүгээр ангийн бяцхан сурагчид багшийн хөдөлгөөн бүрийг даган, дасгалаа хичээнгүйлэн хийх нь хайр татам. Багш дасгал бүрийг өөрөө хийж, сурагчдаа дагуулах нь хүүхдүүдийг амьдралд зөв дадалтай, мэдлэгтэй иргэн болгон төлөвшүүлэх чин сэтгэл харагдаж байлаа.
Бас нэгэн үйл явдлыг онцлон дурдвал, хоёрдугаар сарын 1-нд 19 сурагч ОХУ-ын Иваново хотод солилцооны хөтөлбөрөөр явахаар болжээ. Тэд хоёр сарын хугацаанд тэнд сургуульд суралцах бөгөөд багш нар нь ч хамт явах юм. Энэ нь тэдний анхны төсөл. Цаашид энэ хөтөлбөрт бага насны сурагчдыг хамруулахаар төлөвлөснөө сургуулийн захирал ярьсан. Энэ жилийн хувьд сургуулиа амжилттай төгссөн 11-р ангийн сурагчид болон 9-р ангийн сурагч хоёр охиныг хамруулахаар шийдвэрлэжээ. Харин аяллын бүх зардлыг ОХУ-ын Олон улсын хамтын ажиллагааны төв бүрэн хариуцах юм.
Эрдэнэ үйлдвэрийн дэргэдэх Орос 19-р сургуулийг онцолсон нэг өдөр тус сургуулийн хамт олон ажилдаа эзэн нь байж, Эрдэнэтийн хүүхэд багачуудад сурах таатай орчин бүрдүүлэхийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж байгаа нь гайхалтай сайхан сэтгэгдэл үлдээлээ.
Х.ДЭЛГЭРМӨРӨН