“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн дарга Д.Нямдоржоос тус цехэд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар тодрууллаа.
-Өнгөрсөн онд танай цех ямар бүтээлч ажлууд хийсэн бэ?
-Манай хамт олон өнгөрөгч онд нэлээн өргөн цар хүрээтэй ажил төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд хүдэр дэх зэсийн захын агуулгыг 0.25-0.20 хувь болгон бууруулах ажлыг хийлээ. Баяжуулах үйлдвэрийн технологид нийт 5.5 сая.тн 0.20-0.25 хувийн зэсийн дундаж агуулгатай хүдэр нийлүүллээ. Энэ нь нэлээн үр ашгаа өгсөн ажил боллоо. Уурхайн хил хязгаарыг тэллээ. Уурхайн хүрээг тэлэхгүйгээр уулын ажлыг зөв зохистой явуулах төвөгтэй. 2023 онд уурхайн хүрээ тэлэхтэй холбоотойгоор 6.3 сая.м3 хөрс зөөвөрлөсөн. Өнгөрсөн онд 6.8 сая.м3 хөрс зөөх ажлыг уурхайн тэлэлтэд зориулж хийлээ. Энэ нь уурхайн цаашдын үйл ажиллагаанд тус дэмтэй ажил болсон. Шинээр Овоот-2 дэд станцыг ашиглалтад оруулж, уурхайн цахилгаан хангамжийн асуудлаа шийдлээ. Ингэснээр төвийн ордуудад ажиллах экскавоторуудаа цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж, Мөчлөгт урсгалт тээврийн технологи ашиглалтад ороход цахилгааны асуудлыг давхар бүрэн шийдэж чадлаа. Манай хайрга бутлан ангилах тоног төхөөрөмж элэгдэж хуучирч ашиглалтаас гарсан. Иймээс өнгөрсөн оны 9 дүгээр сард БНХАУ-аас бутлан ангилах хайрганы төхөөрөмж авч ашиглалтад орууллаа. Уг бутлан ангилагч хайрганы төхөөрөмжийн үндсэн үйлдвэрлэгч нь Сингапур улсын “NIS” фирм юм. 150 тн/цагийн хүчин чадалтай, таван төрлөөр бутлан ангилах хайрганы төхөөрөмжийг суурилуулж, угсралт, тохируулгын ажил хийлээ.
Энэ нь уурхайн зам харгуйн болон бусад ажлыг хийхэд тус дөхөмтэй үйлдвэр ашиглалтад орсон. Хүдэр тээвэрлэлтийн хувьд хүнд даацын авто машин хомсдолтой байсан. “Komatsu HD-1500” маркийн өөрөө буулгагч хүнд даацын 10 автомашин авснаар уулын ажлын хоцрогдлыг арилгаж ажиллалаа. “Liebherr 9350” маркийн хоёр экскаватор ашиглалтад орууллаа. Мөн “СБШ-250 МНА-32” маркийн өрмийн машин ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг 114-120 хувиар давуулан биелүүлж ажиллалаа. ОХУ-д үйлдвэрлэсэн энэ өрмийн машин нь 534 кВт суурилагдсан хүчин чадалтай. Өмнө ашиглаж байсан өрмийн машинуудаас өрөмдлөгийн автомат системтэйгээрээ давуу талтай юм. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барьж байгуулах төслийг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийн механик ажиллагааг бүрэн автоматжуулснаар ажлын байрны орчин эрс сайжирсан. Уг төсөл хэрэгжсэнээр жилд 15-20 мян.тн тэсрэх бодис үйлдвэрлэж, уурхайн хүчин чадал нэмэгдэхэд бүрэн хангаж ажиллах нөхцөл бүрдлээ.
-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөөд байна?
-Мөчлөгт урсгалт тээврийн технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх төсөл хэрэгжиж байна. Төслийн ажил нэг хэсэгтээ зогсонги байдалд байсан. Өнгөрсөн онд удирдлагуудын болон гүйцэтгэгч компанийн түвшинд яриа хэлэлцээр хийснээр энэ төслийн ажил эрчимтэй явагдлаа. Газар шорооны болон бэлтгэл ажлууд 100 хувь хангагдсан. Германд тоног төхөөрөмжийн ихэнх нь үйлдвэрлэгдсэн талаарх мэдээллийг бидэнд ирүүлсэн. Энэ оны хоёрдугаар сарын дунд үеэр бүх тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэнэ. Гуравдугаар сарын эхээр угсралт, тохируулгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2025 онд бид өндөр төлөвлөгөөтэй ажиллана. Түүхэндээ анх удаа 34 сая.м3 уулын цул олборлохоор төлөвлөсөн. Иймээс хөрсний ажлыг онцгойлон авч үзлээ. Өөрөөр хэлбэл, 2025 онд 2.5-3 сая.м3 уулын цул гаргалтын ажлыг нэмж хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 31 сая 300 мян.тн уулын цул гаргалтын ажил гүйцэтгэлээ. 46 жилийн хугацаанд ийм уулын ажил хийгдэж байгаагүй. Уулын цул олборлох ажил нэмэгдсэнтэй холбоотойгоор хүнд даацын өөрөө буулгагч авто машины хэрэгцээ шаардагдана. Авто машины нийлүүлэлт төлөвлөгөөнд тусгагдсан гэж ойлгосон. 2025 онд уулын цул олборлолтын хэмжээ 34 сая.м3, хүдэр олборлолтын хэмжээ 46.1 сая.тн байхаас Баяжуулах үйлдвэрт 0.364 хувийн зэсийн агуулгатай 39.6 сая.тн хүдэр, өрөмдлөгийн хэмжээг 684,000 уртааш метрээр төлөвлөн, үндсэн тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг биелүүлэх зорилт тавин ажиллаж байна.
-Мөчлөгт урсгалт тээврийн технологи үйлдвэрлэлд нэвтрүүлснээр эдийн засгийн ямар үр ашиг гарах вэ?
-Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн ажил одоогийн байдлаар 72 хувьтай явна. 2025 оны наймдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр жилд 7 сая.м3 уулын цулыг 2.8 км зайд конвейероор тээвэрлэнэ. Ингэснээр тээвэрлэлтийн зардлыг 20-25 хувиар бууруулах юм.
-Баярлалаа.