Орхон аймгийн нийгэм, улс төр мэдээллийн “Шинэ мэдээ” сонины 25 жилийн ой ирэх сарын 6-нд тохионо. Тэртээх 1998 оны 8 дугаар сард “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль батлагдсаны дараахан Орхон аймагт анхны бие даасан, чөлөөт хэвлэл уншигчдадаа хүрсэн нь эдүгээгийн “Шинэ мэдээ” сонин байв. Тэр цагаас хойш тасралтгүй 1200 дугаар хэвлэгдээд буй тус сонины түүхт ойн хүрээнд “Орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин” сэдэвт дугуй ширээний ярилцлага боллоо.
Ярилцлагын үеэр тус сонины үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Шаравдорж, орон нутгийн хэвлэлийнхэнд сониныхоо түүхэн замнал, нийтлэлийн бодлого, үе үеийн сэтгүүлчдийг бэлтгэж ирсэн тухай танилцуулга хийв. Мөн УИХ-д өргөн барихаар бэлдэж буй “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулга, ажлын хэсгийнхний боловсруулсан хуулийн төслийн талаар товч мэдээлэл өгч, санал солилцлоо.
Анхны дугаарын материалыг А2 форматаар дөрвөн нүүр өнгөтөөр бэлтгэн, “Чөлөөт хэвлэл сан” хэвлэх үйлдвэрт хэвлүүлж байсан тус сонины нийт 1200 дугаарын 4800 нүүрэнд Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн 25 жилийн үүх түүхийг бичиж үлдээжээ. Уул уурхайн залуу хот, 20 дугаар зууны Монгол Улсын манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлт, ард иргэдийн ахуй амьдралын бодит үйл явдлыг алдаа оноо, эрээн бараан, амжилт ололттой нь арилшгүйгээр мөнхөлж үлдээснээрээ “Шинэ мэдээ” сонин хэвлэлийн үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.
Сонины редакцадаа Эрдэнэт хотын үе үеийн шилдэг сэтгүүлчдийг ажиллуулж, орон нутгийн сонины чөлөөт, мэргэжлийн жишгийг тогтоохыг зорьж, шинэ залуу сэтгүүлч, уран бүтээлчдийг мэргэшүүлэн дадлагажуулах, ахмад дунд залуу сэтгүүлч, уран бүтээлчдийн залгамж хэлхээг бэхжүүлэхэд анхаарч байсан нь тус сонин урт удаан хугацаанд уншигчдадаа тогтвортой хүрэх боломж нээсэн гэдгийг Ерөнхий эрхлэгч танилцуулгадаа онцолсон. Өөрөөр хэлбэл, тус сонины түүхэн хөгжлийн явцад 60 гаруй сэтгүүлч, уран бүтээлч, менежер, аж ахуйн ажилтан, жолооч, түгээгч гээд редакцын үе үеийн бүрэлдэхүүн ажиллаж байв.
Түүнчлэн, “Шинэ мэдээ” сонины дэргэд хүүхдэд зориулсан “Өглөө” сониныг эрхлэн гаргаж, хүүхэд нас, сургуулийн амьдралыг сониноор дамжуулан хүргэж байсан нь сурагч уншигчдынхаа талархлыг хүлээж байлаа. “Шинэ мэдээ” зөвхөн Эрдэнэт хотдоо хэвлэгдээд зогсохгүй араасаа олон “дүү” сонин дагуулж, орон нутагт чөлөөт хэвлэл бие даан төлөвшихөд нь туслан, анхны дугаарыг нь бэлтгэж өгөх, томилолтоор очиж ажиллах, арга туршлагаа солилцох зэргээр хамтран ажиллаж ирснээ түүхэн танилцуулгадаа мөн дурдлаа.
“Шинэ мэдээ” сонины редакц түүхэн замналынхаа туршид “Орон нутгийн шилдэг сонин”-оор таван удаа, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар хоёр удаа, Орхон аймгийн Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар зургаан удаа тус тус шалгарчээ.
ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ ХЭВЛЭЛ “ШИНЭ МЭДЭЭ” СОНИН 25 НАС ХҮРЛЭЭ
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0