Эрдэнэт үйлдвэрийн Эдийн засаг, Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Дотоод хяналт хариуцсан ажилтнуудын "Сургалт, хөгжлийн хөтөлбөр"-ийн нэг жилийн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэх үйл ажиллагаа өнөөдөр Ерөнхий захиргааны 2-р байрны “Оюу” танхимд боллоо. Уг тайлангийн хуралд Үйлдвэрийн газрын нийт эдийн засагчид, санхүү, нягтлан бодох бүртгэл, дотоод хяналтын ажилтан бүхий 180 гаруй хүн оролцсон. Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн Төлөвлөлт, мониторингийн албаны дарга Д.Будсүрэн Сургалт, хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн санал асуулгын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, сургалтыг үе шаттай зохион байгуулах, гадаад, дотоодын сургалтад хамруулах, туршлага судлуулах, хөтөлбөрт оролцогчдын дунд “Сайжруулалтын төсөл” хэрэгжүүлэх талаар санал хүсэлт гаргасныг онцлов.
Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат хэлсэн үгэндээ: “Энэ онд бид ажилтнуудаа үр дүнтэй нэлээн сургалтуудад хамруулсан байна. Мөн илтгэлийн уралдаан ач холбогдолтой болсон. Ирэх онд энэ сургалт, хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Та бүхний мэргэжил, боловсролыг дээшлүүлэхэд анхаарал тавьж ажиллана. Цаашид мэргэжлийн чиглэлээр, олон улсын стандартаар, эрсдэлийн менежментээр гадаадад нэг, хоёр хүнийг тодорхой хугацаанд сургаж болно. Харин энэ хүмүүс сурсан мэдсэнээ бусдадаа танилцуулдаг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, түгээж, үр дүн нь гардаг байх ёстой. Тэгэхээр сургалт хөтөлбөрийн үр өгөөж нь эргээд Эрдэнэт үйлдвэрт ийм зардал хэмнэлээ, гэсэн тоон үзүүлэлтээр харагдаж байх нь чухал юм” гэв.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын шагнал Санхүү, банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн санхүүч Б.Болормаа, нягтлан бодогч Б.Энхболор, “Тэргүүний уурхайчин” цол, тэмдгээр Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Автоматжуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Г.Отгонпүрэв, нягтлан бодогч М.Цэрэндолгор нар энгэрээ мялаав. Төгсгөлд нь “Харилцааны гайхамшиг” байгууллагын тэргүүн, Бизнесийн удирдлагын доктор Н.Алтанцоож “Хамт олны үнэ цэн” сэдвээр лекц уншсанаар "Сургалт, хөгжлийн хөтөлбөр"-ийн нэг жилийн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэх үйл ажиллагаа өндөрлөлөө.
"СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0