Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид Монгол Улс тунхагласны 100 жилийн ойд зориулан 11 сарын 26-наас 30-ны өдрүүдэд “Хөх төрийн бэрс” түүхэн жүжгийг толилуулна. Монголын төрд хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амар агсны ажил амьдрал, төрд зүтгэсэн он жилүүдийг өгүүлсэн энэхүү жүжгийг тус театрын уран бүтээлчид анх удаа тайзнаа амилуулах юм.
“Хөх төрийн бэрс” түүхэн драмын жүжгийн зохиолыг Битогтогтохын Цогнэмэх бичиж, хөгжмийн зохиолчоор МУУГЗ, Аранза буюу Б.Бат-Эрдэнэ, найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Баярмагнай ажилласан байна. Жүжгийн гол дүрийг жүжигчин Н.Пүрэвдорж бүтээж байгаа бөгөөд Ерөнхий сайд асан А.Амарын тухай 11 үзэгдэлт түүхэн жүжгээр дамжуулан төрийн хүний үйл хэрэг, үүрэг хариуцлага, ноён нуруу, алсын хараа, мэдлэг оюуныг тод томруунаар тодотгон, үзэгчдийнхээ мэлмий оюунд толилуулахаар зорьж буйгаа Хүүхэд залуучуудын театрын дарга Х.Хишигбаатар онцоллоо.
“Хөх төрийн бэрс” түүхэн жүжгийн нээлтийн үеэр "Мэргэн сайд А.Амар буюу Тусгаар тогтнол" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Соёл, урлагийн цогцолборт дэлгэгдэх бол эхний 200 үзэгчид ил захидал бүхий гэрэл зургийн цомог бэлэглэх юм байна. Монголын төрийн мэргэн сайд Агданбуугийн Амарын амьдрал, үйлсийг харуулах “Хөх төрийн бэрс” түүхэн жүжиг Эрдэнэт хотын тайзнаа дөрөв хоног тоглогдоно.
“ХӨХ ТӨРИЙН БЭРС” ТҮҮХЭН ЖҮЖИГ УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРААР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0