Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэвийн ажиллаж, ISO 45001 олон улсын стандартын хэрэгжилт, давтан баталгаажуулалтын үнэлгээгээр үл тохиролгүй дүн авсан байна. Энэ сарын 5-нд ХАБЭА-н сарын зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлтсийн удирдлага мэдээлэлдээ дурдав.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн дүнг Орхон аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт танилцуулна. Энэ хүрээнд тус ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлын биелэлт, явцтай танилцах юм байна. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, Ойн генетикийн нөөцийн "Эрдэнэт" төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
10 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийн дүнг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс танилцууллаа. Өнгөрсөн 10 дугаар сард Ил уурхайд 2 сая 758 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 104 хувь, 1 сая 357 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 104.3 хувиар тус тус биелүүллээ. Мөн 3 сая 628 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 103.8 хувиар биелүүлсэн бол 3 сая 352 мянган тонн хүдэр Баяжуулах үйлдвэрт өгч, төлөвлөгөөг 104.1 хувиар биелүүлжээ. Харин өнгөрсөн сард, исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөө 100.4 хувиар биелж, өрөмдлөг, ачаа эргэлтийн төлөвлөгөө 101.6-104.3 хувиар давж биелсэн дүнтэй байна. Ингэснээр өнгөрсөн сард уулын ажлын хоцрогдолтой байсан зарим үзүүлэлтийн төлөвлөгөө биелсэн байна. Баяжуулах үйлдвэрийнхэн өнгөрсөн 10 дугаар сард 3 сая 355 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 104.2 хувиар, хүдэр дэх металлын агуулга зэсийнх 101.6 хувь, молибденых 109.7 хувиар тус тус биелүүллээ. Зэсийн металл авалт 101.1, молибдены металл авалт 111.1 хувиар давж биелсэн бол хуурай жингээр баяжмал гаргалтын төлөвлөгөө 106.9-123.5 хувийн үзүүлэлтээр биелжээ. Энэ хугацаанд 49746 тонн зэсийн баяжмал, 521.3 тонн молибдены баяжмал ачуулж, төлөвлөгөөг 103.4-133.6 хувиар, ачигдсан баяжмалын чанарын төлөвлөгөөг 101.5-104.4 хувиар тус тус биелүүлэн ажиллаж буйг Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ.
Авто тээврийн цехэд хүлээн авч буй Комацу маркийн хүнд даацын 10 шинэ техникийг энэ сард бүрэн угсарч ажилд гаргахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор техник, технологийн шинэчлэлийн хүрээнд Комацу маркийн авто машиныг ашиглаж эхэлснээр үйлдвэрлэлд өгч буй эдийн засгийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, давуу талыг тодорхойлж, нэгтгэн танилцуулах бэлтгэл хангаж ажиллахыг Авто тээврийн цехийн удирдлагад Ерөнхий захирал чиглэл болгов. Баяжуулах үйлдвэрийнхэн намар, өвлийн бэлтгэл ажлаа 98 хувиар хангаж, үйлдвэрлэлийн үзүүлэлтийн Эрчимжүүлсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөлийн гүйцэтгэл 88.6 хувьтай, Механик цехийн өргөтгөлийн зураг төсөл боловсруулалт дуусах шатандаа буйг тус заводын удирдлага мэдээллээ. Дулааны цахилгаан станцад 47 хоногийн буюу 66 мянган тонн нүүрсний нөөцтэй байна.
Оны эцэс хүртэл үлдэж буй хугацаанд төлөвлөгөөт ажлуудаа бүрэн дуусгах, нарийвчлан төлөвлөж, өндөр үр бүтээмжтэй ажиллахыг Ерөнхий инженер нийт удирдлагуудад үүрэг болгов. Ялангуяа шинээр хүлээн авч буй хүнд даацын авто машинуудыг маш богино хугацаанд угсарч, ашиглалтад оруулахад анхаарч, хөдөлмөр зохицуулалт хийж ажиллахыг даалгалаа. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь байгаль орчны техникийн нөхөн сэргээлтийн ажилтай газар дээр нь хэмжилт хийж, танилцах, орон нутгийн засаг захиргааны байгууллагад хүлээлгэж өгөх бэлтгэл хангаж ажиллах үүргийг холбогдох мэргэжилтнүүдэд өгөв.