Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг энэ сарын 1,2-ны өдрүүдэд ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуульд ажиллалаа. Шинжээчдийн баг, тус сургуулийн “Цахилгаан системийн автоматжуулалт” бакалаврын хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийж, багш оюутнуудтай уулзан, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайг үзэж, үйлдвэрлэлийн дадлагын орчин нөхцөлтэй танилцах, цахилгаан системийн автоматжуулалт хөтөлбөрийн төгсөгдчид болон ажил олгогчийн төлөөлөлтэй уулзах зэрэг олон уулзалт, үйл ажиллагааг энэ өдрүүдэд зохион байгуулав.
Магадлан итгэмжлэлийн шинжээчдийн багийнхан энэ удаа тус сургуульд “Цахилгаан системийн автоматжуулалт”-ын мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнуудад тавигдах шаардлагуудыг сургуулийн зүгээс хангаж буй эсэх, тэдгээрийг үзүүлэлт тус бүрээр нь нотлон тодорхойлохоор ажиллалаа. Түүнчлэн багш нартай санал бодлоо солилцон, зарим чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Шинжээчид тус сургуульд ажиллах хугацаандаа цуглуулж, танилцсан материалуудаа нэгтгэн дүгнээд, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөлд танилцуулан, хамгаалах юм. Өөрөөр хэлбэл, тухайн сургалтын хөтөлбөрийн сайн болон учир дутагдалтай талуудыг тодорхойлж, үнэлгээ өгнө гэсэн үг.
Шинжээчдийн багийн ахлагч, “Мандах” Их сургуулийн цахилгаан хөтөлбөрийн ахлах багш, Эрчим хүчний мэргэшсэн инженер, доктор Х.Мөнхцоож “Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн хувьд уул уурхайн салбарт тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж, үйл ажиллагаагаа явуулж буй нь том давуу тал. Энэ утгаараа багш нар нь илүү чадваржсан, онолын мэдлэг сайтайгаас гадна үйлдвэрлэлийн олон төсөл хөтөлбөр дээр хамтарч ажилласан туршлага арвинтай, дэргэд нь өндөр ур чадвартай инженерүүдээс бүрдсэн үйлдвэрлэлийн дадлагын том бааз суурь бэлэн гээд олон давуу талууд магадлан итгэмжлэл хийх явцад ажиглагдлаа. Энэ бол маш сайн үзүүлэлт юм. Нөгөө талаас, тус сургуулийг Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгсөж буй оюутнууд зөвхөн Эрдэнэт үйлдвэрт ажиллах биш өөр олон ажил хөдөлмөрийн талбар дээр гарна. Тэднийг илүү нарийн, өндөр түвшинд ажиллахуйц чадвартай төгсгөхийн тулд цаашид хэрхэн, ямар бодлого арга барилаар ажииллах талаар бид багш нартай санал солилцлоо. Ер нь Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн суралцах орчин, багшлах боловсон хүчин, суралцагсдын харилцаа хандлага гээд бүх зүйл маш сайн байна гэж шинжээчийн хувьд дүгнэж байна. Мэдээж, энэ үнэлгээний тайлан, дүгнэлтийг Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөлд танилцуулж, эцсийн дүгнэлт гартал дахин нягталж нотлох үйл ажиллагаа үргэлжлэн хийгдэнэ” хэмээн урьдчилсан дүгнэлтийн талаар онцолсон.
Магадлан итгэмжлэгдсэнээр тухайн сургуульд суралцаж буй оюутнууд төрөөс тэтгэлэг авах, баталгаатай сургууль төгссөн гэдгийг ажил олгогчид хүлээн зөвшөөрч ажлын байранд урих, мэргэжлээрээ ахисан түвшний сургуульд үргэлжлүүлэн гадаад, дотоодын сургуульд суралцах зэрэг олон талын өргөн боломж нээгддэг байна.