Энэ хөргийн эзнийг Очирхүүгийн Сайнхүү гэдэг. Айлын таван хүүхдийн дундах нь. Түүний аав Баян-Өлгийн Цагааннуур, Хөвсгөлийн Хатгал хүртэл жин тээж, худалдаа наймаа эрхэлж явжээ. Мөнхүү “Сүхбаатарын зам” нэгдлийн аймгийн хошой аварга малчин болж, XVI-р бүгд хурлын төлөөлөгчөөр сонгогдож байв. Харин ээж Х.Цээсүрэнжав нь таван хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эхийн 2-р зэргийн одонтой, V, VI таван жилийн гавшгайч, Орхон аймгийн “Буянт ээж” өргөмжлөлтэй, эдүгээ Эрдэнэт хотод энх тунх амьдарч буй. Аав нь юманд үнэнч, нямбай хандах, ээж нь юмыг хайрлах, арвижуулах, өөд нь татах амьдралын дадал хэвшилд сургажээ. Энэ нь түүний багадаа олж авсан хүмүүжил.
О.Сайнхүү мэдээ орсон цагаасаа хөдөөний хүүхдийн нэгэн адил хурга ишиг хариулах, мал төллүүлэх, өвөлжөө бууцны хөрзөн ховхлох, малын хашаа хороо янзлах, үнс нурмаа зөөж асгах гэх мэт борог амьдралын хар бор ажил хийж сурчээ. Энэ бүхнийг хэнээр ч хэлүүлэлтгүй өөрийн санаачилгаар хийдэг болохоор аав, ээжээсээ урмын үг сонсоно. Хөдөлмөрөөр хүмүүжсэн хөдөөний хүүхэд юм бүхэнд адтай. Сургуульд орохдоо уншаад сурчихсан, төллөх малынхаа бүртгэлийг хөтлөөд явах. Халзан хонь, эр хар хүзүүтэй хургатай гээд бичдэг байж. Мориноос унаад нүд нүүрээ хөх алаг болгочихсон нөхөр сургуульд хожимдож орсон ч дуржигнатал уншина. Унших бичгийн хичээл өдөрт 2-3 цаг ордог болохоор залхаад цаг өнгөрөхгүй. Ангийхныгаа уншиж, бичиж сурахад нь багшдаа тусална. Сурагч О.Сайнхүү онц сурлагатан, байрны болон бүлгэмийн зөвлөлийн даргын сонгуульт ажилтай, нэлээн “хэнхэг” нөхөр явж. Дунд сургуульд байхдаа онц сурч Олон улсын пионерын Найрамдал зусланд амрах эрхийн бичгээр шагнуулжээ. Тухайн үед шалгуур өндөртэй, малчны хүүхэд явах нь ховор байв. Анх удаа цагаан онгоц хөлөглөн хотын соёлтой танилцаж явсан, өнгөрсөн амьдралынхаа гэрэлт дурсамжийг тэр сөхөв. Хотоос ирэхэд нь аав нь гитар хөгжим авч өгснөөр дуу тоглож сурчээ. Ахлах ангидаа тэр Сурагчийн зөвлөлийн болон ХЗЭ-ийн Үүрийн даргын сонгуульт ажил эрхлэн олон нийтийн ажилд түүчээлэн оролцож, нийгмийн идэвхтэй, зохион байгуулах ур чадвар эзэмшсэн нь хожим амьдралд их хэрэг болсон гэх.
Пионерын удирдагч болох мөрөөдөл тээсэн сурагч О.Сайнхүү 10 жилээ төгсөөд АУДС-ийн хуваарьт өрсөлдсөн ч оноо дутжээ. Гэвч Улаанбаатар хотын АУДуС-ийн лаборантын анги авсан нь их амьдралынх нь эхлэл байв. Лаборант гэж чухам юу хийдгийг ч ойлгохгүй, хуваарь авчихаад явахад нь нагац ах нь “шээс шинжилдэг хүн” гэсэн нь нэг л хөндий сонсогджээ. Гэсэн ч энэ сайхан мэргэжлийг эзэмшин бусдад үйлчилж, хамаатан садан, найз нөхдийнхөө олон хүүхдийг лаборант мэргэжил эзэмшихэд О.Сайнхүү мэргэжилтэн нөлөөлжээ. Лаборант бол эмнэлгийн тусгай мэргэжилтэн. Үйлчлүүлэгч эмнэлгийн байгууллагад өвдөж ирээд хамгийн түрүүнд шинжилгээ хийлгэхгүйгээр өвчнөө оношлуулж эмчлүүлнэ гэж байхгүй. Хамгийн түрүүнд лаборант нар шинжилгээ авна. Эмнэлгийн тусламж авсныхаа дараа тэр эмч, энэ сувилагч аварлаа гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл шинжилгээ авсан лаборантын нэр мартагддаг ч, буянтай ажил гэж тэр өгүүлэв. Түүний хань Д.Эрдэнэбат Эрдэнэт үйлдвэрт 32 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан бол хоёр охин нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Гурван зээтэй гэнэ.
Тэрбээр 1989 онд дадлага туршлагатай хамт олны дунд ажилд орж, үе үеийн тасгийн эрхлэгч, эмч лаборант нараас их зүйл сурсанаараа бахархдаг. Тасгийн эрхлэгч Л.Баяржаргал эмчтэй хамтран арга зүйчээр ажиллахдаа шинээр ажилд орсон 20 гаруй лаборантыг дагалдуулан ажиллуулж олон шавьтай болжээ. Аливаа зүйлийг амаараа хийж, ард нь үлдэж, хойш суудаггүй. Өөрийн биеэр ажлыг үлгэрлэн хийж, манлайлан дагуулж, хамтдаа хөдөлмөрлөхийг чухалчилдаг үнэнч зан чанар түүнийх. Тэр наргианч, алиа хошин зантай, нийтэч. Хүмүүсийг хөгжөөн, сэтгэлийг нь сэргээж чаддаг нэгэн. Тэрбээр:
“...Цаг цагийн автомат төхөөрөмжийг
Цагийн зүүтэй уралдан ажиллуулж
Оношлох эрдмээр мэргэжлээ таниулсан
Онцгой мэргэжилтэн лаборантууд
Нойроо хагаслаж шөнөөр ирчхээд
Ноцтой өвчинг хамт оношилчхоод
Нэр нь харин таг мартагддаг
Нэргүй баатрууд лаборантууд...”
хэмээн ажил мэргэжлийнхээ онцлогийг тодорхойлов.
Тэр хүнд байнга туслахыг хичээнэ. Худлаа ярих дургүй. Ажлын бус цагаар зүгээр суухгүй. Хөдөө мал аж ахуйн ажил хийж, жижиг худалдаа эрхлэн өрхийн орлогоо нэмэгдүүлнэ. Түүний ийм зан чанарыг олон хүн хүндэтгэдэг. Хүнд туславал хэзээ нэгэн цагт хариу тус нь ирнэ гэж үзнэ. Тэр цөөн тооны үнэнч найзуудтай. Тэднийхээ төлөө үргэлж санаа тавьж, жаргал зовлонг нь хуваалцдаг аж. Харин олон танилуудтай, хүнийг ялгаварлан харьцах дургүй. Аливаа хүнтэй нэг их муудалцаад байхгүй. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 35 жил үр бүтээлтэй ажиллахдаа О.Сайнхүү лабораторийн тусламж үйлчилгээг иргэдэд чанар, стандартын дагуу хүргэж, үйл оношийн тасгийн хамт олноо удирдан зохион байгуулан ажлын жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлж иржээ. Түүнчлэн мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж, лаборантын ахлах, тэргүүлэх зэрэг хамгаалсны зэрэгцээ лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна. Үндсэн ажлаасаа гадна БОЭТ-ийн ЭМБҮ-ний Хорооны тэргүүлэгчээр 12 жил, сувилахуйн зөвлөлийн гишүүнээр 10 жил ажиллаж, ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах, бодлого тодорхойлох ажилд идэвхтэй оролцож байв. Тасаг, хамт олны дунд “Байгалийн сайханд аялах”, “Гэр бүлийн нэг өдөр ”, “Намрын ногоон өдрүүд”, “Шинээр ажилд орсон сувилагчийн сургалт”, “Танд тусалъя аян”, “Мэргэжлээ сольсон нь”, “Лаборант нарын ажил мэргэжлийн уралдаан” зэрэг ажлыг санаачлан зохион байгуулсан аж. Түүний удирдан ажилласан тасаг хамт олон дөрвөн жил дараалан шилдгээр шалгарчээ. Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын үед лабораторийн багийг удирдах арга зүйгээр хангаж, тушаал шийдвэрийг биечлэн танилцуулан, заавар зааварчилгаа өгч ажилласан байна. Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил, үйлс зорилгоороо тэр аль хэдийн Эрдэнэтчүүдийн танил болжээ. Хөдөлмөрийн хүндэт медальт, “Лаборатор”-ийн Сайнаа хэмээх ийм нэгэн эгэл жирийн бүсгүй мэргэжлээ өндөрт өргөн бидний дунд ажиллаж, амьдарч явна.