Эрдэнэт үйлдвэр “100 сая мод” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд модыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр ашигтайгаар тарих, түүнчлэн байгаль орчинд ээлтэй байх бодлоготой уялдуулан нүүрсхүчлийн хийн ялгарлыг тооцоолох аргачлалд суралцуулах зорилгоор 10 ажилтнаа БНХАУ-ын ӨМӨЗО-д сургалтад хамруулжээ. Энэхүү сургалтад оролцсон Ногоон хөгжил төслийн нэгжийн судалгаа, инновац хариуцсан ойн инженер У.Уянсанаатай ярилцлаа.
-Байгаль орчны чиглэлийн энэхүү сургалтыг хаанаас зохион байгуулсан бэ?
-Ази, Номхон далайн ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийн сүлжээ олон улсын байгууллага /APFnet/-аас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан хад аймгийн нутаг дахь тус байгууллагын сургалт, судалгааны төвд зөвхөн манайханд зориулан 10 хоногийн вакум сургалт хийсэн. Шар шороон шуурга, цөлжилт, газрын доройтлын эсрэг бий болгосон “Хятадын ногоон хэрэм”-ийн тодорхой хэсэг болох энэ бүс нутагт олон улсын сургалт болдог юм байна. Энэхүү сургалтад биднийг оролцуулах бүхий л зардлыг APFnet байгууллагаас гаргасан юм.
Сургалтад Өвөр Монголын Ойн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтнууд болон APFnet байгууллагын мэргэжилтнүүд “Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх арга технологи”, “Элсний нүүдлээс урьдчилан сэргийлэх” “Цөлжилттэй бүсийн нөөцийн ашиглалт ба үйлдвэржилтийн хөгжил”, “Ойн тогтвортой менежмент”, “Хуурай гандуу газарт эдийн засгийн ашигтай ойг хөгжүүлэх загварууд”, “Карбон хийн ялгарлыг тооцоолох аргачлал” зэрэг сэдвээр илтгэл толилуулсан нь их сонирхолтой, хэрэгцээтэй байлаа. Тэд зөвхөн бидэнд зориулан хичээлийн агуулгыг багтаасан сургалтын программ бэлтгэж, хэвлүүлэн гаргасан байсан. Мөн тэдний ойжуулалтын талбайтай танилцсан нь бидэнд их сонирхолтой, өгөөжтэй байлаа.
-Та бүхэн илтгэл толилуулсан уу?
-Сургалтад манай төслийн нэгжийн дөрөв, үйлдвэрийн бусад цех хэлтсээс зургаан ажилтан оролцсон. Бид таван илтгэл танилцуулга хийсэн. Баяжуулах үйлдвэрийн ХАБЭА-н товчооны дарга Д.Бат-Эрдэнэ “Монгол орны цөлжилт”, Ил уурхайн Б.Тэмүгэ, “Ил уурхайн том оврын техникүүдийн бензин зарцуулалтыг багасгаснаар нүүрсхүчлийн хийг бууруулах нь”, НХТН-ийн Ойн техникч Б.Янжиндулам “Хангал гол дагуух татмын ой байгуулах ажил”, “Бургасны эх ургамлын плантацийн моддын өсөлтөд арчилгааны эрчмийн нөлөөлөл”, Би “Ногоон хөгжлийн төслийн нэгжийн танилцуулга”, НХТН-ийн ойн техникч Р.Энхболд “Хаягдлын аж ахуйн ойжуулалт” сэдвээр илтгэл тавьсан. Сургалт хятад хэл дээр явагдаж, англи хэлээр орчуулан хүргэсэн. Манайхны 80 хувь нь англи хэлтэй хүмүүс байсан. Сургалтад манайхан маш их идэвх, санаачилгатай оролцсон.
-Цөлжсөн газрыг хэрхэн ойжуулсан байна вэ?
-Өвөр Монголын хойд хэсэг, манай улсын урд хэсэг их цөлжсөн. Тэд цөлийн энэ бүсдээ их олон аргаар мод тарьжээ. Жишээ нь элсний нүүдлийг зогсоохын тулд сүрлээр элсийг хашиж байгаад мод тарьсан байна. Тун уйгагүй хөдөлмөр зарцуулсан байна лээ. Цөлжсөн хөрсийг тарималжуулж, модоо тарьж байгаа нь сонирхолтой санагдсан. Өөрөөр хэлбэл элсэн дээр нэг болон олон наст ургамлуудыг тариалж эхэлжээ. Мод тарьсан газрын хөрсний бүтэц өөрчлөгдөж өвс, ургамал ихтэй болсон байна. Хятад улс хойд нутгаараа гурван хэсэг Ногоон хэрэм үүсгэх Төрийн бодлого дэвшүүлэн, 1978 оноос энэ үйл ажиллагаа эхэлсэн юм байна. Энэ хүрээнд цөлд 46,1 сая га талбайг ойжуулсан. Үүндээ 93,3 сая юань зарцуулсан байна. Үүний үр дүнд хөрс, усны нөхцөл 61 хувиар сайжирсан гэж мэргэжилтнүүд ярьж байсан.
-Ямар төрлийн модод ургаж байна?
-Эхлээд говь цөлийн ургамал тарьсан гэсэн. Дараа нь нарс тарьж, тэндээсээ шилжүүлэн үрийн талбай үүсгэсэн байна лээ. Одоо шилмүүст, навчит модод, алим, чавга зэрэг төрөл бүрийн жимсний мод тариалжээ. Чацаргана маш ихээр ургасан байсан. Таримал ой гэхээргүй, сайхан хөрс бүрэлдэж, байгалийн ой шиг л харагдаж байна.
-Усалгаагаа яаж шийдсэн юм бол?
-БНХАУ-ын төр засгаас газрын гүний усыг ашиглахгүй байх бодлоготой гэнэ. Бүгд л борооны усыг сайтар ашиглаж, усыг хэмнэлттэй хэрэглэхийг зорьдог юм байна. Тарьсан моддын хажуухантай гүехэн нүх ухжээ. Тэнд нь ус тогтсон харагдсан. Модны ойр орчмын хөрсийг чийгтэй байлгахын тулд үүнийг хийжээ.
-Говь цөлд мод тариалж, эдийн засгийн эргэлтэд оруулсан талаар нь ярина уу?
-Мод тарьж, цөлийг ойжуулсан төдийгүй, эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Ойжуулсан талбай дээрээ ашигтай олон төрлийн зүйл тариалж, агро аж ахуйг бий болгож байна. Өндөр үр ашигтай жимсний модод тарьсан байна. Түүнийг боловсруулах үйлдвэр байгуулсан байна. Тэндээс олон төрлийн жимсний дарс, шүүс үйлдвэрлэн гаргаж байна. Таримал ойн дотор ашигтай сортын мөөг тариалж байна. Энэ мөөг ширхэг нь 100 юанийн үнэтэй. Бидний байрласан газар л гэхэд гаднаа цөөрөмтэй. Цөөрөмдөө загас үржүүлдэг. Загас, мөөг, ногоо зэрэг бүхий л орцоо хажуухнаасаа аваад л хоол хийчихдэг. Цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулсан энэ сонирхолтой аж ахуйг үзэхээр жуулчид ихээр ирдэг бололтой. Ингээд энэ бүсэд аялал жуулчлал хөгжиж байна. Иргэдийнх нь аж амьдрал эрс сайжирчээ. Зам дагуух айлууд манайхны хабрид хаусархуу том байшинд амьдрах юм.
-Моддыг эхэлж тарихдаа мал, амьтнаас хэрхэн хамгаалсан бол?
-Улсаас бодлогоор мал аж ахуйг эрчимжүүлэн, хашаалах болсноор модны ургалтад сайнаар нөлөөлсөн гэж нэгэн илтгэгч ярьж байсан.
-Сургалтын эргэн тойрон дахь өөр сонирхолтой зүйл юу байв?
-Хятадын орчуулагч, доктор Юмэ бид хоёр АНУ-ын Юта мужид нэгэн цаг үед амьдарч, суралцаж байснаа мэдэлцэж, нэгэн үдэш хөгжилтэй яриа хөөрөө өрнүүлсэн юм. Тэнд цугласан хүмүүс “Дэлхий жижигхэн юмаа” хэмээн наргиан хийж байлаа. Бас нэг сонирхолтой зүйл Хятадууд нэг модыг нэг юаниар тарьдаг гэнэ. Энэ нь тун бага зардлаар бүтдэг санагдлаа.
-Ярилцлагын төгсгөлд та юу хэлэх вэ?
-Сургалтын зохион байгуулагч APFnet байгууллагын ажилтан, Эрдэнэтийн охин Н.Мөнхзул биднийг тус байгууллагатай холбож тусалсанд их талархаж байна. Энэхүү сургалт нь ойн нарийн мэргэжлийн ажилтнуудад нэн хэрэгцээтэй сургалт байсныг онцолъё. Цаашдаа хоёр байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж, манай олон мэргэжилтэн энэ сургалтад хамрагдаасай.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.