Аварга тээвэрчин


“Ашиглалтын гоо зүйгээрээ дэлхийд тэргүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай өвлийн шөнө ямар үзэсгэлэнтэй харагддаг гээч. Шинэхэн цас орсны дараа шороо тоос дарагдаад, уурхайн гүнд зогсоо чөлөөгүй ажиллах экскаватор, өрмийн машинууд, хүдэр ачсан тэнхээт хүлгүүдийн гэрэл очтон гийгээд, техник нүргэлэх дуу чимээтэй хоршоод ажил буцалсан талбар мөн ч сайхан даа”, гэж ярих энэ эр Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хүнд даацын машины жолооч Батдоржийн Баттогтох. Тэрээр шөнийн ээлжинд явахдаа уурхайгаас үйлдвэр рүүгээ, гэрэл ярайсан Эрдэнэт хот руугаа хараа бэлчээх дуртай. Хүмүүс амгалан, гүн нойрондоо умбаж байхад улс орныхоо гэрэлтэй ирээдүй, хөгжлийн төлөө эрдэнэс ундраан, баялаг бүтээж буй ажил мэргэжлээрээ тэр бахархдаг. Цас орох нь агаар цэвэршүүлээд сайхан ч хүнд даацын машины жолоочоос ур чадвар илүү шаардах эрсдэлтэй. 130 тонн хүдэр ачсан БелАЗ их биеийн жинтэйгээ 260 орчим тонн болно. Өвлийн халтиргаатай үед аварга техник амархан гулгадаг бөгөөд зогсооход жолоочийн мэдрэмж, ур чадвар жинхэнэ тэнд харагдана. Авто тээврийн цех сүүлийн жилүүдэд БелАЗ-ын жолооч нарынхаа дунд ур чадварын тэмцээн зохион байгуулах болсон. 130 тонны даацтай, зөвхөн дугуй нь гэхэд хүний дундаж өндрөөс үлэмж том техникээр 8-ын тоо эргэх, туг сүлжих амар биш. Б.Баттогтох найз Н.Эрдэнэбаярынхаа хамт энэ тэмцээнд оролцон түрүүлж, нэг удаа дэд байрт шалгарч байв.   
Нэг жимээр, жигд хурдаар, бүхээгтээ ганцаараа 17 жил хүдэр тээвэрлэнэ гэдэг энгийн бидэнд төсөөлөхөд бэрх санагдах. Гэсэн ч тэд бараа бараандаа гэрлээрээ дохин мэндчилж, уйдах завгүй, сэрэмж алдахгүй шөнийн ээлжийг бүтээмж өндөр өнгөрөөнө. Сүүлийн үед сонсдог ном зохиол гарсан нь их хэрэг болдог гэнэ. Ихэнх нь хит дуу хөгжим сонсож явахад мань хүн түүхэн романд шимтэнэ. Хамгийн сүүлд Английн зохиолч Томас Майн Ридийн “Хурлийз бүсгүй”-г сонссон нь уншсанаас илүү сэтгэгдэл төрүүлжээ. Ажлын 12 цагийн горим түүнд таалагддаг гэсэн. Өмнө нь найман цагаар гурван шөнө дараалж ээлжинд гарах амар байгаагүйг нуусангүй. Залуу ажилчид нялх хүүхдээ асрах, сургууль, цэцэрлэгт нь хүргэхээс эхлээд амьдралын асуудал мундахгүй учир амарч чадахгүй ажилдаа гарах энүүхэнд байж. Ёстой л залуу насныхаа аагаар явдаг байлаа гэж дурссан. Хөдөлмөрийн аварга Б.Баттогтох залууст “Сайн унтаж амар” гэх ганцхан үг захидаг. Амарсан хүн ажилд хэзээд бэлэн, сэргэлэн байдаг гэх. Нар ургахтай уралдан, ээлжээс инээлдэн буух нь амьдралаас авч болох хамгийн гоё таашаалын нэг гэж өгүүлэх энэ эрхэм Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Аав, ээж нь Тариат сумын Ялалт нэгдлийн малчид байжээ. Аймгийн аварга малчны болзлыг хоёр удаа хангасан, “ясны” малч, хөдөлмөрч хүмүүсийн үр удам. Бага насаа мал хариулж, хурга тугалтай хөөцөлдөн тоглож өнгөрөөсөн тэрээр үндэсний бөхөөр шаггүй барилдчихдаг хүүхэд байв. Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Цахир, Хангай зэрэг таван сумын бүсчилсэн Үе чацуутны тэмцээний үндэсний бөхийн төрөлд хоёр шөвгөрсөн удаатай. Нэг жигүүрээс гарч барилдаж байсан бөхчүүдээс Н.Адъяабат Улсын начин цолонд хүрсэн байна. Чац жижигтэй болохоор жингийн барилдаанаар хичээллэе гэж зорьж байсан ч нөхцөл тохироо бүрдээгүй гэнэ.
Б.Баттогтох арван жилийн сургуулиа дүүргээд, Дотоодын цэргийн тусгай хороонд цэргийн алба хаасан. Улсын онц чухал объект хамгаалдаг, түрүүч цолтой, салаан орлогч цэрэг байв. Хугацаат цэргийн дээд цолыг тэр өөрийн авхаалж самбаа, ном дүрмийн мэдлэг, жавхаа хиймориороо хүртсэн. Цэргийн хүн болох үүд хаалга цэлийтэл нээлттэй байсан ч Эрдэнэсийн тээвэрчин болох эртний хүсэл тэмүүлэл нь дийлжээ. Үнэндээ бол ээжийн хүсэлт зааварчилгаа байсан юм. Авто тээврийн цехийн жолооч, нагац ахыгаа бараадан Эрдэнэтэд ирж, БелАЗ-ын жилийн курст суралцан, нэгэн насны мэргэжлээ эзэмшжээ. 2007 оны өвөл Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэгт 40 тонны БелАЗ дээр Бат-Эрдэнэ багшийгаа дагалдан, ажлын гараагаа эхэлж байснаа тэр ер мартдаггүй. Ажлын гараа гэхээсээ илүү амьдралын гараа байсан гэж үздэг. Эрдэнэт үйлдвэр гэх өнөр бүлийн үүдээр орно, тэр тусмаа уул уурхайн үйлдвэрлэлийн эхлэл цэг дээр гол мэргэжлээр ажиллана гэдэг ховор хувь заяа. Ахмадуудаасаа жолоодох урлаг, эд анги, эрэмбэ дараалал, хүндлэх жаяг, дэг журам гээд ихийг сурсан. Машин хүн хоёр нягт холбоотой. Дуунд орсон өөрчлөлтөөс эвдрэлийг мэдрэх хүртэл нэлээд хэдэн жилийн хөдөлмөр хэрэгтэй гэж аварга ярьсан. Дагалдан жолооч байсан Б.Баттогтох одоо экипажийн ахлагч болжээ. Нэг ээлжийн 40-өөд залуу ажлын даалгавраа авах зуураа энэ тэрийг ярилцаж амжаад, бие биедээ амжилт хүсэн инээлдээд уул руугаа хөдлөх ч амьдралын баяр баясал шүү гэх.
Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Б.Баттогтох өнгөрсөн жил нийт 687 мянган м.куб уулын цул тээвэрлэж, 6,7 сая тн.км ачаа эргэлт гүйцэтгэж, төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100 давсан хувиар биелүүлжээ. Мөн БелАЗ-75131 загварын автомашиныхаа долоон дугуйг нормоос 155.9 мянган км илүү гүйлгэж, үйлдвэрт 130 гаруй сая төгрөгийн хэмнэлт гарган ажилласан талаар удирдлага нь ярьсан юм. Тэрээр хүнд даацын өөрөө буулгагч машинд суурилуулсан Австралийн MICROMINE компанийн PITRAM уулын ажлын шуурхай удирдлагын системийн уулын цул тээврийн хяналтын программ хангамж, тоног төхөөрөмж, компьютерыг чадварлаг эзэмшин, өөрийн экипажийн залуу ажилчдад ойлгуулан бүтээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Түүний мөрөөдөл нь одоо жолоодож буй машиныхаа нормт хугацааг дуусгах, дараа нь тав тух хангасан, хүний эрүүл мэндийг хамгаалсан дэлхийн бренд Комацү-г эдэлж элээх. Гавьяаныхаа амралтад гартлаа бүтээмжтэй сайхан ажиллах гэсэн. Ийм энгийн мөрөөдөлтэй, энгүй хөдөлмөрч залуу шөнийн ээлжээс буугаад бидний дунд алхаж явна. Түүний хоёр охин нялхын сэвлэгтэй байхаасаа “Чимээгүй, аав нь унтаж байна” гэх үгэнд дасаж өссөн. Одоо тэд “Чишш, аав унтаж байна” гэж аяар гишгэн аваргыг хүндэтгэдэг. Энэ бол бидний төлөө, улс эх орныхоо хөгжлийн төлөө хөлс хүчээ шавхдаг уурхайчны амьдрал. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
1
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %