Мөрөөдлөө гүйцээсэн залуу

Цоо шинэхэн цутгамал бүтээгдэхүүн бэлэн болоход догдлон, баясдаг энэ эр бол Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн гар хэвчин, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Гунгаагийн Анхбаатар. 
Өөлөх өөгүй, аварга том цутгамлыг хараад тэр бахдахаас аргагүй. Хэвний хэсэг бол Цутгуурын цехийн анхдагч нэгж. Хэвийг техникийн зургийн дагуу, хэдий чинээ нягт нямбай хийнэ, цутгамал тийм л гарна. Тиймээс цутгамлын чанар хэвчний “урсгасан хөлс”-тэй шууд хамааралтай. “Баяжуулахын тээрмийн хуягаас эхлээд уурхайн экскаваторын шанаганы том оврын, төвөгшил ихтэй хэвийг нарийн мэргэшсэн, өндөр зэрэгтэй, торгон мэдрэмжтэй нэгэн урладаг. Энэ л шаардлагад бүрэн нийцэж, төгс зохицсон ажилтан бол Г.Анхбаатар” хэмээн Хэвний хэсгийн дарга Н.Тугтөгс хэлсэн юм. Г.Анхбаатар энэ их үйл хэргийн төлөө 23 дахь жилдээ оюун бодлоо “ширгээж”, сэтгэл, зүтгэлээ шингээж яваа. 
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын унаган хүү аав, ээжээ даган, арван дөрөвтэйдөө Эрдэнэсийн хотод шилжин ирсэн гэдэг. Хөдөөгийн хөвгүүнд цэмцгэр хот, цэнхэр нүдэт орос хүмүүс, аварга үйлдвэрийн автобусны цуваа гээд бүхий л зүйлс гайхам содон. Энэ үеэс л өсгөлүүн хүүгийн цээжний гүнд өнөр их айлын гишүүн болохсон гэх далдхан мөрөөдөл хадагдав. Аравдугаар ангиа дүүргээд, ардын армийн байлдагч боллоо. Эр цэргийн албаа нэр төртэй хаасан тэр Эрдэнэтдээ ирж суралцаад “Цутгуурчин-хэвчин” гэх ховорхон мэргэжил эзэмшлээ. Нар гийсэн нэгэн сайхан өдөр Эрдэнэт үйлдвэр өндөр үүдээ түүний өмнө цэлийтэл нээж, Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн Хэвний хэсэгт хэвчнээр хөдөлмөрийн гараагаа эхэлсэн юм. Г.Анхбаатар “Аварга том цутгамлын хэв бүтээнэ гэдэг алдах эрхгүй ажил. Санамсаргүйгээр жижигхэн алдаатай хэв цутгаснаар эдийн засгийн үлэмж хохирол бий болно. Тиймээс анхаарал болгоомжтой, мэдрэмжтэй, бас тооцоолол сайтай, нягт нямбай байхыг миний ажил мэргэжил надаас шаарддаг. Хүндхэн гэлээ ч би ажилдаа дуртай. Миний хувьд хэвний хуучин технологиор 19 жил ажилласан. Энэ үед туузан дамжуулгын системээр ирэх холимгийг хүрздэж тараах, доргилтын хийн багажаар хэвээ чигжих зэрэг гар ажиллагаа ихтэй байсан. Энэ нь эрүүл мэндэд таагүй нөлөөтэй, ажлын байр маань шороо тоос, дуу чимээ ихтэй байлаа. Гэлээ ч бид халширч явсангүй. 2020 оноос манайд орчин үеийн, Хүйтнээр хатуурах холимгоор хэв хийх хагас автомат технологи бүрэн нэвтэрч, гар ажиллагаа багасаж, сайхан болж байна. Хэвний чанар сайжирч, дагаад цутгамал бүтээгдэхүүний чанар ч мөн дээшилж байна” гэв. 
Г.Анхбаатар бол Заводынхоо “тэргүүн фронтын байлдагч”. Орчин үеийн дэвшилтэт, Хүйтнээр хатуурах холимгоор хэв хийх шугамын нээлтийн ёслолын үеэр тэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын хамт кноп дарж, шинэ технологийн анхны хэв түүний гараар бүтсэн түүхтэй.
Тэр 20 гаруй жил хамт ажилласан Гар хэвчин Ц.Эрдэнэсүх, Ж.Нямдаваа, гол бэлтгэгч Д.Мөнхбаяр нартайгаа тун дотно. Харцаараа бие биеэ ойлгодог нөхөдтэйгөө хамтарсан ажил бүхэн урагштай байдаг тухай ярив. “Ж.Нямдаваа, Ц.Эрдэнэсүх нар маань маргааш ажиллаад л гавьяаныхаа амралтад сууна даа” гэж хэлэхдээ гуниглангуй харагдав. Хөдөлмөрийн аварга маань гурван ч залууг дагалдуулан мэдлэг, туршлагаа өвлүүлж яваа “өв тээгч”. 
Ажлын хамтрагч, дотнын анд, Гар хэвчин Ц.Эрдэнэсүх нь ийн ярьсан юм, “Бид цэл залуухнаасаа цуг ажилласаар 22 жилийг ардаа үджээ. Гурав, зургаа, найман тонн жинтэй цутгамлын хэвийг гар аргаар бэлддэг бидний ажил ур чадвар ихээхэн шаарддаг, өндөр эрсдэлтэй, хариуцлагатай. Олон жил төлөвлөгөө нормоо өндөр хувиар биелүүлж, гологдолгүй, нягт нямбай ажиллаж ирсэн миний найзын хөдөлмөр, зүтгэлийг үнэлсэнд би маш их баярладаг. Анхаа бол манай “нэг номер”-ын гар хэвчин. Цаашдаа ч илүү сайн ажиллаж, олон олон шагналын эзэн болно гэдэгт би эргэлздэггүй. Бид олон жил хамт ажилласан болохоор бие биеэ мэдэрч, эвтэй сайхан ажилладаг. Найз маань маш хүнлэг, даруухан, ёстой л гүндүүгүй сайхан эр дээ. Хамт ажиллахад ямар их түшигтэй гээч. Ямар ч үед асуудлыг эвээр шийднэ. Тайван, тогтуун, шударга, тусч гээд эр хүнд байх хамаг л сайхан чанар найзад минь бий. Дуу цөөтэй ч, хааяа жигтэйхэн хошигноно. Бид ажил дээрээ төдийгүй, чөлөөт цаг, гэр бүлийнхээ хүрээнд ч сайхан нөхөрлөдөг” гэв. 
Түүний амжилтын талаар Хэсгийн дарга нь, “Г.Анхбаатар Цутгуурын цехийн өргөтгөл хийгдэхээс өмнөх шингэн шилтэй хольцот аргаар гар хэвийг хэвлэх, угсрах, цутгалтад бэлтгэх, мөн шинээр нэвтэрсэн Хүйтнээр хатуурах холимгийн хагас автомат технологийн шугам дээр хэв барих, хатаах, будах, тэдгээрийн ажиллах зарчмыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшин ажиллаж байна. Г.Анхбаатар Хэвний хэсгийн хамт олны дунд гар хэвчнээр ажиллаж эхэлснээс өнөөг хүртэл цутгамал бүтээгдэхүүний хэвийг хүйтнээр хатуурах холимгийн болон гар аргаар хэв барих, угсрах технологийн аргачлал, техникийн зургийн дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна. 2023 оны онцгой даалгаварт ажлуудаас дурдвал, Баяжуулах үйлдвэрийн бөмбөлөгт тээрмийн 10 гаруй нэр төрлийн нарийн хийцтэй 180 гаруй цутгамал, мөн нунтаглах тээрмийн 3,3 тонн жинтэй 20 цутгамал, 6 тонн жинтэй 22 цутгамлын хэвүүдийг чанарын өндөр түвшинд хэвлэж, Ил уурхайн ЭКГ-10, 12 ба LEIHBERR-ийн шанаганы урд, хойд хананы цутгамал бүтээгдэхүүний хэвийг хийхэд бригад хамт олноо манлайлан оролцсон юм” гэж ярив. 
Г.Анхбаатар Булнайн нурууны бэлд орших Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Модны үйлдвэрийн ажилчин Гунгаагийн зургаан хүүхдийн тав дахь нь. Идэрийн голдоо шумбаж өссөн жаал хүү үхрээ хариулах, түлээ түлшээ бэлтгэх зэргийг хэнээр ч хэлүүлэхгүй хийчихдэг ажилсаг хүү байв. Одоо тэрбээр аз жаргалтай айл гэрийн намба төрхтэй өрхийн тэргүүн. Түүний гэргий А.Алтанчимэг англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, хувийн бизнес эрхэлдэг хөдөлмөрч бүсгүй бий. Хүү нь дунд сургуулийн 12-р анги, охин нь 10-р ангийн сурагч. Тэрбээр, “Арыг минь бат даадаг ханьдаа үргэлж талархаж явдаг. Заримдаа ч ээлжээс бууж, унтаад, эзгүй хойгуур нь ажилдаа гарсаар, гэрийнхэнтэйгээ тааралдахгүй байх ч үе бий. Гэсэн ч хань минь халуун хоол, цайг байнга бэлэн байлгаж, сайхан амрах нөхцөлийг минь бүрдүүлдэг юм. Амралтын өдрүүдээр гэр бүлээрээ агаар салхинд гарах, цагийг зугаатай сайхан өнгөрүүлэхийг хичээдэг. Бас унаган нутгаа зорих дуртай. Солонготын даваагаа даваад л явахад сэтгэл цэлмээд л мөн сайхан даа. Нутгийн маань агаар, усны цэнгэг, жимс самрын амттайг ярих ч юм биш” хэмээн инээмсэглэв. 
Ийнхүү Г.Анхбаатар гуч шахам жилийн өмнөх мөрөөдлөө гүйцээж, “Эрдэнэт үйлдвэр” хэмээх их айлын нэр хүндтэй гишүүн болж, уул уурхайн аварга том цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар явна. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
5
Таалагдаж байна
2
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно
Т.Самданшийрав: Маркшейдерийн ажил өндөр хариуцлагаар хэмжигддэг
Х.ҮНЭНЗОРИГ: Өвөл цагийн нээлтийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна
У.Уянсанаа: Урд хөрш цөлийг ойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулжээ
Д.ЭРДЭНЭБАТ: Ажилтнууд өөрийн дуртай цэцгээрээ “Нэг ажилтан-Нэг цэцэг” аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой
Ш.ДАВААХҮҮ: 44 дэх спартакиадын нээлтийн үйл ажиллагааг энэ баасан гарагт шинэлэг хэлбэрээр зохион байгуулна
Г.Энхбат: Монгол токарьчны ур чадвар дэлхийн түвшинд хүрлээ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %