"Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаа, цар хүрээ, хүчин чадал нэмэгдэхийн хэрээр уурхайчин хамт олны эгнээ тэлсээр байна. Он гарсаар Эрдэнэт үйлдвэр 281 гишүүнээр бүл нэмжээ. Шинэ ажилтны өмнө үйлдвэрийн орчин, цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл, арга ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, удирдлага хамт олонтойгоо бүх талаар дасан зохицох шаардлага бий болж, хувь хүнд амаргүй сорилт тулгардаг. Иймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинэ ажилтнуудаа үйлдвэрийн газрын орчин нөхцөл, үйл ажиллагаа, соёлд сэтгэл зүйн болоод мэргэжлийн хувьд амжилттай дасан зохицоход туслах зорилгоор Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийг хэрэгжүүлээд даруй таван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийт 932 шинэ ажилтан уг хөтөлбөрт хамрагджээ. Өнөөдөр энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй шинэ ажилтнуудад Хүний нөөц, захиргааны хэлтсээс хэрэгжүүлж буй хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн зорилго, ач холбогдлын талаар танилцуулж, үйлдвэртэй танилцах уламжлалт аялалд хамрууллаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын дэд дарга, “Эрдэнэт Шинэ илгээлт” төслийн ажлын хэсгийн гишүүн Ү.Амарбат оролцож, Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр хэрэгжүүлэх стратегийн төслийн талаар танилцуулсан юм. Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, менежментийн ухааны доктор О.Отгонбаяр шинэ ажилтнуудад Эрдэнэт үйлдвэрийн алсын хараа, эрхэм зорилго, тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялаг бүтээх эрхэм зорилгын талаар танилцуулга мэдээлэл хийж, Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийг 20 тэргүүлсэн Зууны манлай үйлдвэр нэг хоногт 10 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг өдөрт улс, орон нутгийн төсөвт 5.5 тэрбум төгрөг төвлөрүүлэн ажилладаг. Үүнээсээ 400 сая төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулдгийг онцлоод, хариуцлагатай, бүтээмжтэй хамт олон дунд нэгдэж байгаа шинэ ажилтнуудад амжилт ерөөв.
Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрт 9-р сард ажилд орсон хүмүүст шинэ ажилтны багц гардуулсан юм.
Засвар механикийн заводын Цутгуурын цехийн токарчин Д.БАТХУЯГ:
-Хүсэж мөрөөдөж байсан мэргэжлээрээ Эрдэнэт үйлдвэрт ажилд орсондоо баяртай байна. Сурч хөгжих боломж их байгааг мэдэрлээ. Үйлдвэрийн шинэчлэлд гар бие оролцоод, үйлдвэртэйгээ цуг хөгжиж дэвшээд явна гэдэгтээ итгэлтэй байгаа. Том үйлдвэрийн чадварлаг ажилтан болохыг төлөө хичээх болно. Намайг угтан авч байгаа ган төмрийн дархчуулдаа хандаж шинэ ажилтнаа дэмжээрэй, би хичээнээ гэж хэлье даа.
Ус хангамжийн цехийн Цэвэр ус хангамжийн хэсгийн засварын цахилгаанчин С.АРИУНТУЯА
Би оюутан байхаасаа Монголын уул уурхайн хамгийн том аж ахуйн нэгж болох Эрдэнэт үйлдвэрт ажиллах хүсэл мөрөөдөл тээсэн. Чадварлаг хамт олон ажилладаг, тогтсон соёлтой, нийгмийн баталгаа сайтай учраас энэ өнөр бүлд нь нэгдэхийг хүсдэг байлаа. Миний хувьд 2017 онд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд суралцаж мэргэжил эзэмшсэн. Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоосоо өмнө Оюутолгой компанид цахилгааны инженерээр ажиллаж туршлага хуримтлуулсан. Тэгээд Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн Цэвэр ус хангамжийн хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварын цахилгаанчнаар нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд орсон.
Өнөөдөр шинэ ажилтны багцаа хүлээж аваад сэтгэгдэл өндөр байна. Шинэ ажилтнуудад итгэл өгсөн маш гоё хөтөлбөрт хамрагдсандаа сэтгэл хангалуун байгаа. Залуустаа хандаж хэдэхэд ур чадвараа ахиулаад хамтдаа хичээцгээе гэж хэлмээр байна.















